ЗГХЭГ-ын дарга Н.Учрал энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг танилцуулахдаа дараах мэдээллийг өгсөн юм.
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын зүгээс тодорхой чиглэл өгсөн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 реформын хүрээнд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, мөн олон улсын компаниудын зөвлөх үйлчилгээг авах, УИХ-д Төрийн өмчийн болон орон нутгийн өмчит компаниудын хуулиудыг шинэчлэхээр шийдвэрлэжээ.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль өнгөрсөн УИХ-ын чуулганаар батлагдсан. Уг хуулийн хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийг олон нийтэд нээлттэй компани болгоно. Мөн 3.4 сая иргэн эзэмшдэг тус компанийн 27 хувийн хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлнэ.
"Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн нийт хувьцааны 27 хувийг иргэд эзэмшдэг. Гэхдээ энгийн хувьцаа биш учраас иргэд хувьцаагаа худалдаж, арилжаалж чаддаггүй. Мөн хөрөнгийн зах зээл дээр нээлттэй компани болж чадаагүй учраас засаглал нь сайжирч чаддаггүй. "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанид улс төрийн нөлөөлөл байсаар байгааг иргэд төдийгүй тухайн компанид ажилладаг хүмүүс ч хэлж байна. Тиймээс хугацаатай үүргийг өгч, "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргана. Ингэснээр засаглалыг сайжруулна гэж зорьж байна. Дээрээс нь хараат болон хараат бус гишүүд жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой. Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу төрийн өмчийн компаниуд цалин хөлс, үйл ажиллагааны урамшуулал зэрэг бүх мэдээллийг ил тод болгох ёстой. Гэтэл тус компанийн мэдээлэл нээлттэй бус байгааг "Эрдэнэс Тавантолгой"-н бус гишүүд, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн зүгээс шүүмжилдэг.
Тиймээс "Эрдэнэс Тавантолгой" компанийг нээлттэй болгох, мөн сонгон шалгаруулалт нээлттэй зарлаж, олон улсын менежментийн компаниар удирдуулах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр гарсан 100 хоногийн албан даалгаврын хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанид олон улсын тендер зарлаж, гадаадын менежментээр удирдуулах бодлогыг тавьж ажиллана. Мөн "Эрдэнэс Монгол" нэгдлийн дэргэд байгаа компаниудыг бид үе шаттайгаар нээлттэй компани болгох ажлыг шат дараатай зохион байгуулна.
Өнөөдрийн хуралдаанаар цаасгүй Засгийн газар гэсэн арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулсан. Төрд нийтдээ 15 янзын мэдээлэл солилцооны систем ажилладаг байсныг нэг жилийн хугацаанд дундын DOCX системийг ажиллуулж, аймаг, сум, яамдууд хоорондоо мэдээлэл солилцох ажлын бэлтгэлийг бүрэн хангуулсан. Ингээд энэ системийн бэлтгэлийг өнгөрсөн долоо хоногт туршиж, өнөөдрөөс Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ирж байгаа албан бичгүүдийг цахимаар тоон гарын үсгээр баталгаажуулж авах шийдвэр гаргаж байна. Үүний үр дүнд жилд 15 яам дээр гарч байгаа цаасны 1.4 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэнэ.
ЗГХЭГ-ын дарга мэдээлэл хийсны дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Орон нутгаас албан бичиг шуудангаар хүргүүллээ гэхэд цаг хугацаа маш их алддаг байсан. Харин одоо ийм асуудал үүсэхгүй гэсэн үг үү?
-Засгийн газрын хуралдаанд нэг асуудлыг хэлэлцүүлэх гэж 55 алхмыг дамждаг. Нийт 12 цаг 32 минут зарцуулдаг гэсэн тооцоо судалгаа гарсан. Жишээ нь, төсвийн 5527 байгууллагын 35 хувь нь өнөөдөр цахим системээр мэдээлэл, албан бичгээ солилцож байна. 65 хувь нь цаасаар мэдээллээ шидэлцэж байна. Тэгэхээр эндээс юу гэж ойлгох вэ гэхээр 15 янзын дотоодын систем байдаг. Сангийн яам, гааль, татвар цахимаар мэдээллээ солилцож л байгаа. Гэтэл Сангийн яам бичгээ нийслэл рүү явуулах гэхээр тухайн дотоод системээр нь явдаггүй. Үүнийг л дундын системээр зохицуулж өгч байгаа.
-"Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанид улс төрийн ямар нөлөөлөл байна вэ. Нээлттэй болгосноор энэ нөлөөлөл дахин гарах эрсдэл бий юу?
-Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллагуудаас хүртэл улс төрийн нөлөөллийг бууруулахад анхаарал хандуулж, засаглалын шинэ тогтолцоог бий болгооч ээ гэдэг шаардлагуудыг Засгийн газарт удаа дараа гаргаж байсан юм билээ. Тэгэхээр өнөөдөр бид бусад төрийн өмчит компаниудыг бодвол харьцангуй олон хувьцаа эзэмшигчтэй "Эрдэнэс Тавантолгой" компанийг эхлээд менежментийн шинэчлэлтэд оруулах нь зүйтэй гэж үзсэн. 3.4 сая хувьцаа эзэмшигчтэй төрийн өмчит компани байхгүй. Гэтэл хувьцаа эзэмшигчид байсаар байтал нээлттэй компани гэж тухайн компанийг тооцдоггүй. Хувьцаа эзэмшигчдийн саналыг сонсохгүйгээр шийдвэр гаргадаг. Тэгэхээр нээлттэй болгох нь зөв. Албан ёсоор хөрөнгийн биржид оруулчихвал хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр шийдвэр гаргаж чадахгүй гэсэн үг. Ингэж байж улс төрөөс ангид, ашигтай үйл ажиллагаатай компани болж чадна.
Эх сурвалж "Өглөөний сонин"
Сэтгэгдэл ( 0 )