ХЭН ЮУ ХЭЛЭВ I Камержуулалтаас болж хүний эрх зөрчигдөх вий!

2024 оны 09 сарын 19

Өнөөдрийн “Хэн юу хэлэв” буланд Барилга, хот байгуулалтын сайд Ж.Батсуурь, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нарын хэлсэн үгнээс онцолж байна.


Ж.Батсуурь: 150 мянган айлын орон сууц ашиглалтад оруулна

-Ирэх дөрвөн жилд 150 мянган айлын орон сууц ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдахад 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зарласан. Энэхүү төслүүдийн ихэнх нь Улаанбаатар  хот, Шинэ зуун мод хоттой холбоотой төслүүд байгаа. Агаарын бохирдол, түгжрэл зэрэг олон жилийн ужгирсан асуудлыг энэ цагаас зогсоон, Улаанбаатар хотыг олон тулгууртай болгож хөгжүүлэх суурь нь нийслэлийг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө юм.Ирэх онд ипотекийн зээлийн эх үүсвэрийг 1.2 их наяд төгрөгт хүргэнэ.

Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр 600 орчим тэрбум төгрөг орж ирдэг, мөн үүн дээр Үндэсний баялгийн сангаар дамжуулан 500-600 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн эх үүсвэрт зарцуулахаар тусгасан. Ипотекийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр нийлүүлэлт ихэснэ гэсэн үг.  Ингэхээр орлого тодорхой иргэдийн хувьд ипотекийн зээлд хамрагдаж, орон сууцтай болох бололцоо нь нээгдэнэ. Ипотекийн зээлийг амины орон сууц барих иргэдэд ч олгоно. Суманд амьдардаг иргэн, аймагт амьдардаг иргэн, хотод амьдардаг иргэний амьдралын чанарыг ойртуулахын төлөө бүх боломжийг бүрдүүлж ажиллана.Бид 150 мянган айлын орон сууц ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

О.Алтангэрэл: Камержуулалтаас болж хүний эрх зөрчигдөх вий

-Гэмт хэрэг зөрчлийг бууруулах зорилгоор 2000 гаруй оноос хойш нийслэлд 5188, хөдөөд 5400 камер суурилуулсан. Камергүйгээс онц ноцтой гэмт хэрэг илрүүлж чадаагүй тохиолдол олон гарсан. Мөн камерын тусламжтайгаар онц ноцтой олон гэмт хэргийг илрүүлсэн байдаг. Ийм учраас Засгийн газраас нийслэлд Теле камерын нэгдсэн төв, аймаг, дүүрэгт Теле камерын дэд төв байгуулах шийдвэр гаргалаа. 

Монгол Улсад суурилуулсан бүх камерыг нэгдсэн төвөөр дамжуулж, нэг системд холбоно. Энэ ажлыг зохион байгуулахад орон нутагт 20 орчим тэрбум төгрөг, нийслэлд найман тэрбум төгрөг зарцуулна.

Цагдаагийн байгууллагаас “Ногоон бүс” арга хэмжээг зохион байгуулснаар Чингэлтэй дүүрэг ногоон бүс болсон. Ногоон бүс болсон Чингэлтэй дүүрэгт гэмт хэргийн гаралт эрс буурсан. Ойрын хугацаанд нийслэлд теле камерын хяналтын нэгдсэн төв байгуулна. Түүний үр дүнд нийгмийн хэв журмыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа шинэ түвшинд гарна. Нэгдсэн стандарт арга зүйгээр хангах асуудлыг Цахим хөгжил харилцаа холбооны яам хариуцаж ажиллана. Анхаарах нэг зүйл байгаа нь камержуулалтаас болж хүний эрх зөрчигдөх вий, хувь хүний мэдээлэлд аюул учрах вий гэдэг болгоомжлол бий.

Эх сурвалж "Өглөөний сонин"

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top