Энэ удаагийн “ХЭН ЮУ ХЭЛЭВ” буланд ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд, УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа, УИХ-ын дарга асан З.Энхболд нарын хэлсэн үгнээс онцолж байна.
ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД: Зээлжих зэрэглэл өсөх нь эдийн засагт маш сайн үзүүлэлт. Үр дүнд нь гадны хөрөнгө оруулалтын итгэл сэргэх, гаднаас босгох эх үүсвэрийн өртөг хямдрах, ялангуяа хувийн сектор гаднаас бага хүүтэй зээл, мөнгө босгох боломж бүрддэг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон түүний үр дүнд байгуулагдсан шинэ парламент, хамтарсан Засгийн газар байгуулсан явдал нь олон улсын байгууллага, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг эрс сэргээж байна. Зарим хүн хамтарсан Засгийн газарт ХҮН нам, АН орсон нь буруу гэж үздэг ч төмөр зам, уул уурхай болон эрчим хүчний томоохон төслүүд хөдлөөд ирэхээр, олон жил гацсан эрчим хүч, боловсролын реформууд бодитоор хийгдсэний дараа өөрсдийн дүгнэлтээ хийнэ биз дээ. ХҮН нам Монгол Улсын ардчилал, эрх чөлөөний баталгаа болсон парламентын засаглалыг бэхжүүлэх үйл хэргээсээ хэзээд ухрахгүй, үргэлж хамгаалах болно.
УИХ-ын гишүүн Д.ПҮРЭВДАВАА: Монгол Улсын нийт хүн амын тал нь буюу 1.7 сая иргэн амьдардаг хотын удирдлага, төсвийн захирагчийг сонгодог сонгуулийн сурталчилгаа эхэлж байна. Одоо өөр сонголт хийх цаг нь болсон. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш 34 жил өнгөрөхөд 30 жилд нь өнөөдрийн эрх баригчид хотын удирдлагаар ажиллажээ. Маш олон сайхан нэртэй мөрийн хөтөлбөрийг гаргаж ирсэн. Энэ нь ажил хэрэг болж, асуудал шийдэгдсэн зүйл алга. Ногоон автобус, агаарын бохирдол, түлшний үйлдвэр гээд хулгай хийсэн асуудал нь гарч ирсээр л байна. Нийслэлийн төсөв 2020 онд 800 тэрбум, 2022 онд хоёр их наяд, 2024 онд таван их наяд төгрөг болж өссөн. Хотын удирдлагуудад эрх мэдэл, мөнгө дутаагүй, сэтгэл дутсан гэж харж байна. Бид үндэстнээрээ үйлдвэрлэгч болох хэрэгтэй. Татвар төлдөг, ажлын байр бий болгодог аж ахуй нэгжүүддээ боломж олгодог төртэй байх ёстой.
УИХ-ын дарга асан З.ЭНХБОЛД: Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх З.Энхболд болон Б.Энхамгалан нарт холбогдох хэргийг 2024.9.25-ны өдөр давж заалдах журмаар хянан хэлэлцэв. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7, 39.8 дэх хэсэгт заасныг үндэслэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, анхан шатны шүүх эрүүгийн хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэв. Ингээд давж заалдах журмаар гомдол гаргасан З.Энхболд болон түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, Д.Алтансүх нарын гомдолд дүгнэлт хийлгүй анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан болно.
Сэтгэгдэл ( 1 )
МАН зээлжих зэрэглэлийг ахиулсан навьяатай