Трамп Орос дахь Хойд Солонгосын цэргүүдийн талаар ярилцжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 07

 

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлтой утсаар ярьж, Орос дахь Хойд Солонгосын цэргүүдийн талаар ярилцжээ.

Трамп Хойд Солонгосын сэдвийг эхэлж хөндөж, Пёньяны хөгжүүлж буй тив алгасагч баллистик пуужин зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ гэж Блүмберг агентлаг онцолжээ.

Талууд эдийн засгийн болон олон улсын асуудлыг хөндөж, ойрын үед биечлэн уулзаж, Хойд Солонгосын талаар болон бусад тулгамдсан асуудлуудыг нарийвчлан хэлэлцэхэд бэлэн буйгаа мэдэгджээ.

Аравдугаар сарын 31-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Орос улс ойрын үед Хойд Солонгосын цэргийн хүчийг Украины эсрэг ашиглахаар зэхэж байна гэж мэдэгдсэн билээ. Түүний хэлснээр, Хойд Солонгосын 10 мянга орчим цэрэг Курск мужийн нутагт дэвсгэрт байрлаж байна.

Энэ сарын 6-нд ОХУ-ын Холбооны зөвлөл ОХУ, БНАСАУ-ын хооронд байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг соёрхон баталсан. Гэрээ ёсоор талууд халдлагад өртсөн тохиолдолд бие биедээ харилцан туслахаар заажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top