Европын Холбооноос нэвтрүүлсэн хоригуудыг цуцлуулахыг Орос улс хүсэж байгаа болохоор Украинтай энхийн хэлэлцээр байгуулах үйл явцад Европын Холбоо оролцох ёстой гэж АНУ-ын албан тушаалтнууд Европын удирдагчдад мэдэгдсэн тухай Блүмберг агентлаг мэдээлжээ.
Мөргөлдөөний бүсэд байлдааны ажиллагааг зогсоох болон Украины аюулгүй байдлыг хангахад чиглэсэн боломжит арга хэмжээний тухай хэлэлцэх нь эн тэргүүний зорилт болж байгаа тухай АНУ-ын засаг захиргаа Брюсселийн түшмэдэд саяхан мэдэгдсэн байна. АНУ Европын удирдагчдыг оролцуулалгүйгээр Украины болон Европын аюулгүй байдлыг сулруулж болзошгүй хэлцэл байгуулж магадгүй хэмээн болгоомжилж байгаа Америкийн холбоотон улсуудыг энэ алхам нь зоригжуулах аж.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар өнгөрсөн мягмар гарагт утсаар ярьснаас хойш европчуудын ийм болгоомжлол хүчтэй болсон юм. АНУ-ын удирдагч өмнө нь Орос болон Украины талтай харилцахдаа Европын Холбооны төлөөллийг огт оролцуулахгүй байсан билээ. Украины асуудлаарх яриа хэлэлцээнд оролцох боломжийг Европын Холбоо эрж хайж байгаа боловч одоогоор ийм боломжийг олж харахгүй байна гэж Европын Холбооны гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Кая Каллас өмнө нь мэдэгдэж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )