Европын Холбоо Украинд 90 тэрбум еврогийн зээл олгохоор боллоо

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Европын Холбоо  Оросын эсрэг тавих 20 дах удаагийн багц хориг арга хэмжээ болон Украинд 90 тэрбум еврогийн зээл олгохыг дэмжлээ. Киевт эл санхүүжилтийг олгох шийдвэрийг 2025 оны арванхоёрдугаар гаргасан ч Унгар хориг тавьсан билээ.

Будапешт “Дружба” хоолойгоор Оросын газрын тос нийлүүлэлтийг сэргээх шаардлага тавьсан. Украины газар нутгаар дайран өнгөрдөг хэсэг нь гэмтэлтэй байсан ба өдгөө сэргээн засварлаад байна.

Кипрт пүрэв гарагт /2026.04.23/ эхлэх Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр зээл олгох баримт бичигт гарын үсэг зурахаар болжээ.

“Орос улс дайныг төгсгөх ёстой. Зөвхөн Украинд хангалттай дэмжлэг үзүүлж, Орост хангалттай дарамт шахалт үзүүлсэн тохиолдолд дайныг зогсоох нөхцөл бүрдэнэ” гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгджээ.

Унгар улс бичгээр эсэргүүцэл илэрхийлэхгүй бол Киевт энэхүү зээлийн 24 цагийн доор авч эхлэх боломжтой гэж Германы Засгийн газрын төлөөлөгч онцолсон байна.

Энэхүү санхүүжилт нь Киевт төсвийн алдагдлаа нөхөхөд зориулагдсан ба 2026 оны төсвийн алдагдал нь 52 тэрбум ам.долларт хүрчээ.

2026 оны нэгдүгээр сард “Дружба” газрын тос дамжуулах хоолойн Украины нутаг дэвсгэрээс дайран өнгөрдөг хэсэг нь Оросын цохилтын улмаас гэмтэл авчээ. Оросын газрын тосыг худалдан авсаар байгаа Унгар, Словак улсууд Киевийг засварын ажлыг сунжруулж байна гэж буруутгаж байсан юм.

 

 

Унгар улсад “Дружба” хоолой болон Украинд дэмжлэг үзүүлэх асуудал Виктор Орбаны Фидес намын сонгуулийн сурталчилгааны гол сэдэв болж байсан юм. Тус нам энэ сарын 12-нд болсон парламентын сонгуульд ялагдаж, Петер Магьярын тэргүүлсэн сөрөг хүчний Тиса нам ялалт байгуулсан билээ. Петер Магьяр тавдугаар сарын 9-нд Ерөнхий сайдын албан тушаалыг хүлээн авна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top