Сербийн бие даасан бодлого, тусгаар тогтнол Өрнөдийн удирдагчдад таалагдахгүй байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 03 сарын 25

“НАТО Серби улсад түрэмгийлэл үйлдсэнээс хойш 26 жил өнгөрсөн ч тус улсад үзүүлж буй гаднын дарамт шахалт зогсохгүй байна. Сербийн бие даасан бодлого болон тусгаар тогтнол нь тус улсыг өөрийн утсан хүүхэлдэй болгохыг хүсэж буй Өрнөдийн удирдагчдад таалагдахгүй байна” гэж Сербийн ерөнхийлөгч Александар Вучич мэдэгдсэн байна.

“Тэд бидэнд асар хүнд өвдөлт мэдрүүлсэн. Тэд манай хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшид, цагдаа нарыг алж байсан. Тэд бидний олон арван жилийн турш барьж байгуулсан бүхнийг сөнөөсөн. Хүчтэй нь хүчгүйгээ гутаан доромжилсон энэ бүх сүйрэлт үйлдэл нь тэдний хүлээж байснаас тэс өөр нөхцөл үүсгэсэн. Бидний шийдмэг гөжүүд занг сэрээж, өөрсдөөрөө бахархах сэтгэлийг бэхжүүлсэн” гэж Сербийн удирдагч 1999 оны гуравдугаар сарын 24-нд НАТО-гийн эхлүүлсэн бөмбөгдөлтийн учруулсан хор хохирлыг эмгэнэн дурсах ёслол дээр үг хэлэхдээ онцолжээ.

“Зэвсэг болон мөргөлдөөнгүйгээр бидний олсон түүхэн амжилт, биднээс хамаарахгүйгээр үүссэн хүнд цаг, хямралт нөхцөл байдлаас үл шалтгаалсан амжилт маань тэдэнд саад болж байгаа юм. Зарим нь дайтахыг хүсэж байхад бид ажиллаж байгаа маань тэдэнд таалагдахгүй, тэд үзэн ядалтдаа шатаж байхад бид хэнийг ч үзэн ядахгүй, тэд бусдын хөрөнгийг царцааж, булаан авч байхад бид бусдын юманд халдахгүй байгаа маань тэдэнд таалагдахгүй байна. Эцсийн эцэст бид тэдний шатрын хүү, утсан хүүхэлдэй байгаагүй, байх ч үгүй, эрх чөлөөтэй, тусгаар тогтнож чадаж байгаа маань тэдэнд саад учруулж байгаа юм” гэж Вучич хэлсэн байна.

Косово дахь албани хүн амыг аймаглан устгахаас сэрэмжлэх гэсэн шалтгаанаар НАТО Серби улсын эсрэг 78 хоногийн турш цэргийн цохилт өгсөн юм. НАТО-гийн бөмбөгдөлтөд 4 мянга орчим хүн амь үрэгдэж, 10 мянга гаруй хүн гэмтэж шархадсанаас гуравны хоёр нь энгийн оршин суугчид байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu