
Сербийн эрх баригч Сербийн Дэвшилтэт намын тэргүүн Александр Вучич парламентын сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрч, “Оюутны жагсаалт” олонхын суудал авлаа гэж санал хураалтын үр дүнг зарлахаас өмнө мэдэгджээ. Түүний хэлснээр, “Оюутны жагсаал” 135-140, түүний нам 105 суудал авч байна.
Санал хураалтын ирц өндөр буюу 68 хувьд хүрчээ. Сонгуульд эрх баригч Сербийн Дэвшилтэт нам болон сүүлийн хоёр жилийн турш эсэргүүцлийн жагсаал хийж буй оюутны хөдөлгөөний “Оюутны жагсаалт”-ын нэр дэвшигчдийн хооронд өрнөсөн.
Өнгөрсөн ням гарагт болсон Сербийн Скупщина парламентын ээлжит бус сонгуульд 19 улстөрийн хүчин 25 суудлын төлөө өрсөлдсөн юм.
2024 оны арваннэгдүгээр сард эхэлсэн оюутнуудын эсэргүүцлийн жагсаал хоёр жил үргэлжилж, Александр Вучич 2025 оны сүүлээр ээлжит бус сонгууль явуулахад бэлэн гэдгээ зарлаж, өнгөрсөн есдүгээр сард парламентаа тараасан билээ.
Сербийн дэвшилтэт намын 14 жилийн ноёрхол ийн унаж байна.
Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен, Европын зөвлөлийн тэргүүн Антониу Кошта нар “Оюутны жагсаалт”-ад сонгуульд ялалт байгуулсан баяр хүргэжээ. Тэд Европын Холбоон дахь Сербийн ирээдүйг хамтран байгуулах, тус улсад эрх зүйт төр, хэвлэлийн эрх чөлөөг хангах, авлигатай тэмцэх, ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн шинэчлэлийг дэмжихэд бэлэн буйгаа илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 0 )