ХЭН ЮУ ХЭЛЭВ I Засгийн газрын архив дотор байгуулсан гэрээ нь яагаад алга болчив

2025 оны 04 сарын 03

"Хэн юу хэлэв" булангийн энэ удаагийн дугаарт ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, О.Батнайрамдал  нарын байр суурийг онцлов.


Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:

-Зөвшөөрлийн тухай хуульд төлбөрт таавар, бооцоот тоглоом ын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг  Хууль зүйн асуудал эрхэлсэн сайД олгодог. Эд мөнгөний хонжворт сугалаа эрхлэх зөвшөөрлийг Сангийн сайд олгодог. Энэ хуулийг боловсруулахдаа бид Эрүүгийн хууль дээрх санкцыг нэмэгдүүлэх бодлого барьсан. Нийгэм, эдийн засагт үзүүлэх хор аюул, хохирлын хэмжээ төлбөрт таавар бооцоот тоглоом дээр өндөр болсон. Эдийн засгийн хохирлын хэмжээ 417 тэрбум төгрөгт хүрсэн, гадагшаа урсаж байгаа валют 500 сая ам.долларт хүрсэн, жилдээ. Хуулийг боловсруулж эхэлсэн цаг үеэс  хэлэлцэх хүртэл 50 сая ам.доллар  гадагшаа урсчихаад байна. Энэ оны нэг, хоёрдугаар сард 87 сая ам.долларыг цахим мөрийтэй тоглоом бооцоот тоглоомоор гадагшаа гаргасан. Эд мөнгөний хонжворт сугалаа бол гадагшаа валют урсаад байгаа зүйл байхгүй. Тиймээс  эхний төвшинд цахим болон мөрийтэй тоглоомыг хориглох шийдвэр гаргахаар шийдсэн. УИХ дээр ажлын хэсэг гаргаад хонжворт сугалааг хориглоё гэвэл Засгийн газрын хувьд татгалзах зүйл байхгүй, УИХ -ын бүрэн эрхийн асуудал.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Төмөр замын хил холболттой холбоотой асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд маш ноцтой үг хэлсэн. Монгол Улсад хариуцлага алдагдсаны жишээ байх. "Монгол Улсын Засгийн газар өөрийнхөө хийсэн гэрээг өөрөөсөө олохгүй, айл гэрээс энэ гэрээг олж ирлээ" гэсэн. "Үндэсний аюулгүй байдал бараг хялгасан дээр тогтож байгаа юм шүү" гэдэг үг хэлсэн. Яахаараа Засгийн газрын архив дотор байгуулсан гэрээ нь байхгүй болчихдог юм. Хариуцаж байсан албан тушаалтан нь юу хийж байдаг юм. Монгол Улсын албан тушаалтан архивыг бүтнээр нь айлын тал руу гаргахад бид эрүүгийн хэрэг үүсгээд хариуцлага тооцох гээд явахад тэрийг нь таслан зогсоогоод төрийн том шагнал өгч байсан. Энэ мэт галзуурал чинь төр дотор байгаа хариуцлагагүй байдлыг өөгшүүлээд байна.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-2025 оны улсын төсөвт Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд 158.4 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Түүний 33.6 тэрбум нь зээлийн эргэн төлөлтөөс санхүүжихээр тусгасан. Өөрөөр хэлбэл, эргэн төлөлт заавал хийгдэж байж Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй бол дотоодын их,дээд сургуульд суралцагч хүүхдүүд Монгол банкны хар жагсаалтад бичигддэг. Харин гадаадад суралцахаар зээл аваад эргэн төлөлт хийгээдгүй бол энэ хар жагсаалтад ордоггүй. Энэ ялгавартай байдлыг халах хэрэгтэй учраас журмын төсөлд санал тусгасан байгаа. Зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, зээлийн санг шударга ёсны зарчимд нийцүүлэхийн тулд шинэчлэл хийхээр санал  боловсруулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu