Арсенал – Реал Мадрид 3:0 I Мбаппэ, Анчелотти, Куртуа, Бэллингэм нар хожигдлын дараа юу хэлэв?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 09


Европын Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний орой дуулианаар дүүрэн боллоо. Английн “Арсенал” талбайдаа энэ тэмцээний дарханы дархан аварга Испанийн “Реал Мадрид”-ыг 3:0-ээр бут ниргэж гайхуулав. Деклан Райсын дубль, Микел Мериногийн гоолоор өрсөлдөгчөө хариу тоглолтын өмнө маш хүнд байдалд оруулж дөнгөлөө. Гэхдээ хариу тоглолт “Сантьяго Бернабеу”-д гэдгийг хэн хүнгүй санаж, тэнд юу ч болж болдгийг мэдэх биз ээ.

Ингээд тоглолтын дараагаар хэн юу хэлснийг та бүхэнд тоймлон хүргэе.
 


Килиан Мбаппэ сошиал хаягтаа “Эцсээ хүртэл итгэх хэрэгтэй” гэж цохон тэмдэглэсэн бол Карло Анчелотти “Хэзээ нэгэн цагт ямар нэгэн зүйл анх удаагаа тохиолддог. Одоо бидний хийж чадах ганц зүйл бол нэг цул байж, энэ байдлыг орвонгоор нь эргүүлэх. “Арсенал” бөмбөг үнэхээр сайн эзэмшдэг, зохион байгуулалт сайтай баг юм. Гэвч үүнийг нь бид мэдэж байсан болохоор шинэ мэдээ биш” гэжээ.
 


Харин Мадридын клубын англи тоглогч Жүд Бэллингэм ““Арсенал” өнөөдөр гурвыг хийлээ. Үүнээс ч олныг хийж болохоор байлаа. Тиймээс 3:0-ээр өндөрлөсөн нь бидний хувьд азтай хэрэг. Хариу тоглолт гэж бий. Итгэмээргүй зүйлийг бий болгож чаддаг газар гэвэл манай л стадион. Дахиад бүтэн 90 минут байна. “Сантьяго Бернабеу”-д юу ч болж мэднэ шүү” хэмээн мэдэгджээ.

Лукас Васкес ч багтаа итгэж буйгаа илэрхийлжээ. “Бид сайн биш, харин тэд их сайн байлаа. Бидэнд яавал хэцүү байх, яаж дарамталж тоглохоо сайн мэдэж байна. Манай багийнхан хувийн алдаа гаргаснаар ийм байдалд хүрлээ. Гэхдээ 0:3-аас тэнцүүлж, бүр ялж чадах баг гэвэл бид. Энэ чинь “Реал Мадрид” шүү дээ” хэмээн Лукас Васкес өөдрөгөөр өгүүлжээ.
 


Деклан Райсын хоёр ч чөлөөт цохилтыг алдсан Тибо Куртуа “Өнөөдөр их ажилтай байна гэдгээ мэдэж байсан. “Арсенал” довтолгооны баг шүү дээ. Би ханаа зөв тавилаа л гэж бодсон юм. Үргэлж хананд нэг тоглогч нэмдэг зуршилтай л даа. Энэ удаад ч хананд дахиад тоглогч нэмж зогсоож болох л байсан. Тиймээс энэ бол цэвэр миний алдаа. Харин тэдний хоёр дахь гоол бол маргаангүй шилдэг цохилт байлаа. Аюул тариагүй байхад шаардлагагүй хоёр алдаа гаргаснаас үүдсэн гоолууд. Магадгүй бид дараа дараачийн тоглолт ийм шаардлагагүй алдаа гаргах ёсгүй байх” хэмээн Куртуа өгүүлсэн байна.
 


Одоо тэгвэл хожсон багийнхны сэтгэгдлээс хуваалцая.

“Бид 2021 оны 9 дүгээр сараас хойш чөлөөт цохилтоос гоол оруулаагүй байлаа. Гэтэл өнөөдөр Аваргуудын лигт талбайдаа “Реал Мадрид”-тай тоглохдоо 13 минутын хугацаанд хоёрыг хийлээ. Хөлбөмбөгийн сайхан нь энэ юм.

Аз жаргал амтагдаж, багийнхнаараа их бахархлаа. Өнөөдөр манай багаар олон хүн бахархсан биз ээ. Энэ стадиондоо ийм сайхан уур амьсгалыг өмнө нь мэдэрч байсангүй. Ийм л байх ёстой. Бид маш зөв явж байна. Дараагийн долоо хоногт энэ удаагийнх шигээ тоглох хэрэгтэй” хэмээн дасгалжуулагч Микел Артета өгүүллээ.

Эцэст нь цагтаа “Арсенал”-ын залуухан ахлагч явсан, одоо Италийн “Комо”-г Сери А-д гаргаж ирээд буй Фабрегасын үгсийг хүргэе.  “Ингээд дуусаа гэж хэлмээр л байна. Гэвч “Реал” бол “Реал”. Өнөөдөр эхний гоолын дараагаар би хоёрдахийгаа хийх хэрэгтэй гэсэн. Харин хоёрдахь гоолын дараа гуравдахиа хийх шаардлагатай гэж бодсон. Учир нь “Реал Мадрид”-ын эсрэг тоглож байна” хэмээн мэдэгдэв.  
 


Аваргуудын лигийн шөвгийн наймд мөн Германы “Байерн Мюнхен” талбайдаа Италийн “Интер”-ийг хүлээж аваад 1:2-оор хожигдлоо. Милан хотын клубээс Лаутаро Мартинес, эхний гоолыг оруулсан бол ирэх зун хайртай багаасаа явахаа зарласан Томас Мюллер төгсгөл рүү тоог тэнцүүлсэн юм. Гэвч Давиде Фраттези 88 дахь минутад зочдын хожлын бөмбөгийг хийсэн.

Йозуа Киммих тоглолтын дараагаар “Бид илүү давамгай тоглосон хэрнээ ийм дүнтэй дууссан нь маш муу. Гоолын боломж илүү олныг үүсгэсэн юмсан. Өрсөлдөгч багийнхан олдсон боломжоо биднээс дээр ашиглалаа. Мэдээж, хүчтэй багтай туллаа. Гэхдээ хяналтандаа байлгаж чадсан тоглолтоо өөр дүнтэй дуусгах ёстой байсан” гэжээ.
 


Мюнхений клубын дасгалжуулагч Венсан Компани “Тоглолт завсарлалаа л гэж бодъё. Одоогоор “Интер” тэргүүлж явна. Гэхдээ бидэнд хожих боломж байна. Нэгээс олон гоол оруулах боломжууд ч гаргалаа. Харин дүнгийн самбар дээр ямар тоо байна, тэр л бүхнийг шийдэх болно. Милан руу хожно гэсэн итгэл найдвар тээж очих болно. Зочлон тоглоно гэдэг бидний хувьд хэцүү ажил биш” хэмээн хэлжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.85) 2025 оны 04 сарын 09

Зүүд үү энэ чинь, юу болоод байна, нар баруунаас гарах нь дутаж дээ

0  |  0
зочин(66.181.166.196) 2025 оны 04 сарын 09

Түрүүний бөөс толгойд гарах гээч л болж байх шиг, түрүүний бөөс хичнээн толгойд гарч чадсан ч эцсийн дүндээ алагдах л тавилантай

0  |  0
Close menu