Тавантолгойн ДЦС-ын барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгоход асуудал үүсжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 10

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн явцыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр (2025.04.09) Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. 

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Шинэ сэргэлтийн бодлогод Оюутолгой болон Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүс нутгийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломжийг бүрдүүлэх зорилгоор Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц барихаар тусгасан байдаг. 

Станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2023 оны зургадугаар сард зарласан боловч тендерт оролцогчдын зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа 2024 оны арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоолоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. 

Төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч, санхүүжүүлэгчийг сонгон шалгаруулахад тулгамдаж буй асуудлын хүрээнд холбогдох хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад Засгийн газрын хуралдаанаас даалгасан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu