Цөмийн зэвсгийг сансарт гаргах нь АНУ-д нүүрлэх хамгийн ноцтой аюул юм гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 04 сарын 10

Болзошгүй дайснууд маань цөмийн зэвсгийг сансарт гаргах нь АНУ-д нүүрлэх хамгийн ноцтой аюул заналхийлэл байх болно хэмээн Америкийн батлан хамгаалах яам үзэж байна гэж АНУ-ын Зэвсэгт хүчний сансрын цэргийн хүчний захирагч, генерал Стивен Уайтинг Конгрессын Төлөөлөгчдийн танхимын зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн хороонд хийсэн сонсгол дээр мэдэгдсэн байна.

“Бидэнд тулгарч болзошгүй аюулууд дотроос энэ нь хамгийн ихээр сэтгэл түгшээж байгаа юм. Ийм зэвсгийг сансарт гаргах төлөвлөгөө Орост байгаа. Ийм төхөөрөмжтэй холбоотой аюулыг сансрын цэргийн хүчиндээ нүүрлүүлэхгүйн тулд бид боломжтой бүх хувилбарыг судалж байна” гэж Америкийн генерал тэмдэглэв. Түүний хэлснээр, Орос улс цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа хэдий ч радио электрон тэмцэл явуулах системээс хамгаалах чадавхаа хөгжүүлэхэд хөрөнгө оруулж байгаа ажээ.

Орос улс цөмийн зэвсгийг сансарт байрлуулах боломжийг судалж байна гэж Америкийн тал 2024 оны хоёрдугаар сард мэдэгдсэн хэдий ч үүнийг нотлох баримт гаргаж тавиагүй аж. Мөн оны дөрөвдүгээр сард тухайн үед АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслахаар ажиллаж байсан Жейк Салливан, “ОХУ хиймэл дагуулын эсрэг цөмийн цэнэгт хошуутай зэвсэг боловсруулж байна” гэж мэдээлж байв.

ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков эдгээр мэдэгдлийг Цагаан ордны ээлжит ов мэх гэж нэрлэсэн юм. “ОХУ-ын эрх баригчид цөмийн зэвсгийг сансарт байрлуулахыг үргэлж эрс эсэргүүцэж байсан, одоо ч эсрэг байгаа” гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин цохон тэмдэглэж ирсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu