ХБНГУ-ын шинэ засгийн газар жилд 100 мянгаас илүүгүй орогнох эрх хүссэн хүнийг тус улсад нэвтрүүлж байхаар төлөвлөж байна гэж ХБНГУ-ын Канцлер болох магадлалтай Христосын ардчилсан холбоо намын дарга Фридрих Мерц мэдэгджээ.
“Орогнох эрх хүсэгчдийн тоог мэдэгдэхүйц багасгахыг бид үнэхээр хүсэж байгаа юм. Энэ тоог бид дахин зургаан оронтой тоонд хүргэхгүй. Манай хот суурин, сургууль, эмнэлгүүд болон дэд бүтцийн ачаалал хэтэрсэн” гэж тэр телевизийн ARD сувагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
“Орогнох эрх хүсэгчдийг Германд нэвтрүүлэхээс татгалзсан хариуг улсын хил дээр өгдөг болох зорилго тавьж байна. Ингэдэг болно. Энэ асуудлаар авах арга хэмжээг хөрш орнуудтай зөвшилцөж байгаа. Австрийн засгийн газар ч асуудлыг ингэж шийдвэрлэхийг хүсэж байгаа гэж би бодож байна” гэж Мерц тэмдэглэжээ.
Мерцийг канцлерын албан тушаалд сонгох асуудлыг Бундестагт тавдугаар сарын 6-нд хэлэлцэх төлөвтэй байна. Шинэ засгийн газар цагаачлалын бодлогыг чангатгана гэж Мерц дөрөвдүгээр сарын 9-нд мэдэгдэж байв.
Сэтгэгдэл ( 0 )