Ковидын цар тахлын дараа эко аялал жуулчлал бусад чиглэлийн аялал жуулчлалаас илүү хурдацтай хөгжиж байна. Эл тренд болсон чиглэл их хэмжээний хөрөнгө оруулалт татаж байгаа хэдий ч мэргэжлийн экологичдын зүгээс шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Байгаль хамгаалагчдын санааг юу зовоож байгаа, дижитал нүүдэлчид энэ түүхэнд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?
Экологид хөрөнгө оруулах нь
Балигаас авхуулаад Карибын тэнгис хүртэл дэлхийн өнцөг булан бүрд байгуулагдсан глэмпинг, эко тосгодод хөрөнгө оруулах саналаар интернэт дуурчээ. Маркетингийн мэргэжилтнүүд жилд 15 хувийн ашиг амлана. Ийм төрлийн хөрөнгө оруулалтын төслүүд аялал жуулчлалын салбарын бодит чиг хандлагыг тусгадаг байна.
Эко аялал жуулчлалын үзэл баримтлал нь одоо хүртэл бүрхэгдүү хэвээр. Ерөнхийд нь тодорхойлоход энэ бол байгальд хариуцлагатай аялахад чиглэсэн аялал жуулчлалын нэг хэлбэр юм. Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар, эко аялал жуулчлал нь гурван хүчин зүйл дээр тулгуурлах ёстой. Нэгт, жуулчин төлбөр, тасалбар төлөх замаар байгаль орчны хамгаалалд хувь нэмэр оруулна. Хоёрт, эко аялал жуулчлал нутгийн иргэдийн эдийн засагт эергээр нөлөөлөх ёстой. Гуравт, ийм төрлийн аялал байгаль орчинд хамгийн бага хохирол учруулах ёстой.
Grand View Research компанийн шинжээчдийн үнэлгээгээр, 2030 он гэхэд ийм төрлийн аялал жуулчлалын жилийн өсөлт 15.2 хувьд хүрэх бол уламжлалт аялал жуулчлалын салбарын өсөлт 5.4 хувь байна. Эко аялал жуулчлалын зах зээлийн ихэнх хэсгийг одоогоор Европ эзэлж байна. Норвегийн хавцлаар урсах голууд, Финландын нууруудаас авхуулаад Азорын арлууд, Словенийн дархан цаазат газрууд зэрэг байгалийн өвөрмөц тогтцууд болон экологийн бодлогынхоо ачаар Европ энэ салбарт тэргүүлэх байр сууриа хадгалсаар байна. Гэхдээ ойрын жилүүдэд энэ байр суурь Ази болон Латин Америк, Африкт шилжинэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Үүнд амьдралын түвшний өсөлт, тээврийн дэд бүтцийн хөгжил, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төрийн тогтвортой бодлого гол үүрэг гүйцэтгэнэ. Өнөөдөр Зимбабве, Ботсвана, Намиб зэрэг орнууд эко аялал жуулчлалаар онцгойрч эхэлжээ. Бразил, Перу, ялангуяа Аргентины өмнөд хэсэг, тухайлбал, Патагони, Галт газар, Валдес хойг, мөсөн голууд жуулчдыг соронз мэт татаж байна.
Ази, Африк, Латин Америкийн орнууд тогтвортой ногоон аялал жуулчлалын салбарт тэргүүлэх зорилгоор амбицтай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Карибын тэнгист цахиур хагалахаар зэхэж буй Доминика улс “нар ба тэнгис“ гэсэн уламжлалт загвараасаа илүү тогтвортой, оролцоотой хэлбэрийн аялал жуулчлалд шилжиж байна. Тухайлбал, бага хэмжээний эко цогцолбор барих, нутгийн иргэдэд түшиглэх, байгалийн болон соёлын өвийг хамгаалахад бодлогоо чиглүүлж байна.
Шинжээчдийн онцолсноор, эко аялал жуулчлалын хөгжилд мөн нийгэм, соёлын өөрчлөлт ихээхэн нөлөө үзүүлж байна. Тухайлбал, хүн амын экологийн талаарх ойлголт, мэдлэг нэмэгдэж байгаагаас гадна хүмүүс хотын орчноос гарч, байгалиас эрч хүчээ нөхөж, цэнэглэгдэхийг эрмэлздэг болжээ. Эко аялал жуулчлалын хөгжлийг түргэтгэж байгаа бас нэг чиг хандлага нь жинхэнэ, оригинал байдал руу тэмүүлэг явдал юм. Тайланд, Турк эсвэл Мексик гээд хаана ч аялсан нөгөө л нэг супермаркетууд, байдаг л нэг бэлэг дурсгалууд, нөгөө л нэг сүлжээний хувцаснууд. Бүгд ижил.
Харин онгон дагшин байгаль, нутгийн хүмүүсийн соёл бол дэлхийн зах зээлийн загвараар хуулбарлаж болдоггүй өвөрмөц, онцгой зүйлс юм.
Үүний сацуу хүмүүс байгалийн сэдэвт шинжлэх ухааны контентуудыг ихээхэн сонирхох болсон нь эко аялал жуулчлалын хөгжилд түлхэц болж байна. Хүмүүс байгальд зөвхөн амраад зогсохгүй эрдэмтэн, судлаачдын ярьсан зүйлсийг амьдаар нь үзэхийг хүсэх болжээ. Өөрөөр хэлбэл орчин цагийн жуулчдын ухамсартай амрах, шинэ мэдлэг олж авах хүсэл тэмүүлэл эко аялал жуулчлалын хөгжлийн хөшүүрэг болж байна гэж шинжээчид онцолжээ.
Эко жуулчид, дижитал нүүдэлчид ба Z үеийнхэн
Эко аялал жуулчлалын бүүм нь зайнаас ажиллах шинэ чиг хандлага, дижитал нүүдэлчдийн тоо огцом өссөнтэй мөн холбоотой. Судалгаанаас үзвэл, зөвхөн АНУ-д л гэхэд 2024 онд нүүдэлчдийн тоо 18.1 саяд хүрсэн нь цар тахлаас өмнөх үетэй харьцуулахад 1047 хувиар өсжээ. Дэлхийн дахинд нүүдэлчдийн тоо 35 саяд хүрснээс 49 хувийг нь америкчууд эзэлж байна.
Дижитал нүүдэлчдийн 40 орчим хувь нь экологийн цэвэр амьдралын хэв маягийг сонгож байна. Хүмүүс байгаль руу тэмүүлэх болжээ. Тэдний эрэлт уламжлалт аялал жуулчлалаас байгальд, хүн ам цөөнтэй сууринд урт хугацаанд оршин суух хэв маяг руу шилжиж байна. Энэ трендийн гол хөдөлгөгч хүч нь дижитал нүүдэлчид буюу онгон зэрлэг байгальд аялангаа зайнаас ажилладаг хүмүүс юм.
Зөв удирдаж чадвал эл тренд хүлээн авагч бүс нутгуудын эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих боломжтой гэж шинжээчид үзэж байна.
Жишээ нь, Зүүн өмнөд Ази, Өмнөд Америкийн олон улс орон дижитал нүүдэлчдийг хүлээн авдаг ч тэдний экологид үлдээсэн ул мөрийг шийдэхэд бэлэн бус байна. Тогтвортой хөгжил нь нутгийн иргэдийн оролцоо, аяллын дүрэм хэрхэн нэвтрүүлэхээс шалтгаална. Үүнд онцгой үүргийг залуу жуулчид, ялангуяа Z үеийнхэн хүлээж байна. Дижитал нүүдэлчид нэг газраа хоёр орчим сар амьдардаг. Улмаар богино хугацааны аялал жуулчлалыг бодвол нутгийн иргэд болон байгаль орчинд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чаддаг.
Дижитал нүүдэлчид зайнаас ажлаа хийхдээ дэд бүтэц сайтай газрыг эрэлхийлэн, тав тух болон байгальд ойр байхын төлөө их мөнгө төлөхөд бэлэн байдаг. Тэд л үр бүтээлтэй ажиллах, идэвхтэй амарч, сэргэх боломжийг хослуулсан эко хабуудыг бүрдүүлж байна.
Нүүдэлчдийн үр нөлөө
Эко аялал жуулчлалыг тогтвортой хөгжлийн хөшүүрэг болгоход удирдлагын цогц механизм, хүчин чармайлт шаардагддаг байна. Аливаа хэлбэрийн аялал жуулчлал тухайн нутгийн эко системд сөрөг нөлөөтэй гэж ярих нь бий. Гэвч олон улсын туршлагаас үзвэл асуудал жуулчдын тоо гэхээсээ илүү тухайн газар тэднийг хүлээн авахад бэлэн бус байгаатай холбоотой. Ариун цэврийн бүс, экологийн аяллын жим, дэд бүтэц хангалтгүй байна гэж мэргэжилтнүүд онцолж байна.
Зохицуулалтгүй аялал жуулчлал байгаль орчинд хохирол учруулдаг нь үнэн. Харин зохион байгуулалттай, сайн менежменттэй аялал жуулчлал эсрэгээр байгаль орчныг хамгаалах хүчтэй зэвсэг болдог байна.
Жишээ нь, хэрэв нутгийн иргэд хууль бус ан хийж, амьжиргаагаа залгуулдаг бол ямар ч хориг арга хэмжээ үр дүнгээ тэр бүр өгдөггүй. Харин аялал жуулчлал нутгийн иргэдэд хууль ёсны, тогтвортой орлогыг санал болгодог. Ингэхдээ байгаль орчныг хэдий сайн хамгаалж, зэрлэг ан амьтан олноор байх тусам тус бүс нутаг жуулчдыг олноор татаж, нутгийн иргэдийнх нь ч орлого төдий чинээ өснө. Ийм нөхцөлд хууль бус ан хийх нь эдийн засгийн хувьд утга учиргүй болдог. Тиймээс хамгийн гол нь аялал жуулчлалын удирдлагын загварыг зөв гаргах нь чухал гэж шинжээчид үзэж байна.
Энэ тал дээр эко аялал жуулчлалаар Коста Рика тэргүүн эгнээнд явж байна. Байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийн бодлогынхоо ачаар тус улс ойн нөөцөө нутаг дэвсгэрийнхээ 57 хувьд хүргэж чаджээ.
Вьетнамын үндэсний цэцэрлэгт хүрээлэн, дархан цаазат газрууд нь биологийн олон янз байдал, соёлын өвийг хадгалан хамгаалах, тогтвортой аялал жуулчлалын хөшүүрэг болжээ.
Харин хяналтын үр дүнтэй механизм, ашгийн шударга хуваарилалт болон экологийн чанд стандартгүй л бол эко жуулчид, тэр дундаа онгон зэрлэг байгалийн эрэлд гарсан дижитал нүүдэлчдийн урсгал хөнөөлийн хүчин зүйл болох эрсдэлтэй.
Хэрэв хүн төрөлхтөн эх дэлхийгээ хайрлан, хамгаалах чин эрмэлзэлтэй бол эко аялал жуулчлал нь жуулчлалын туршлагыг бүхэлд нь тодорхойлдог энгийн нэг хэлбэр болох ёстой гэж шинжээчид дүгнэж байна.
Эл шилжилтэд нөхөн сэргээх аялал жуулчлал ирээдүйтэй чиглэл болж байна.
Энэхүү чиг хандлагын зорилго нь зөвхөн байгальд хохирол учруулахгүйгээр зогсохгүй эко системийн нөхөн сэргээлтэд идэвхтэй оролцож, мод тарих, ан амьтдыг хамгаалах төсөлд идэвхтэй оролцох замаар нутгийн иргэдийг дэмжих явдал юм.
Сэтгэгдэл ( 0 )