Өчигдөр буюу тавдугаар сарын 23-ны өдөр нэр бүхий ШТС-ууд шатахууны үнийг 200 төгрөгөөр нэмсэнтэй холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдэгдэл гаргаж, "Дур мэдэн үнэ нэмсэн аж ахуйн нэгжүүдийг холбогдох газраар шалгуулна" гэлээ.
Мэдэгдэлд, “Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэгч зарим аж ахуйн нэгж, байгууллагууд АИ-92 автобензиний жижиглэнгийн үнийг энэ сарын 23-ны өдөр Улаанбаатарт 2590 төгрөг болгож 200 төгрөгөөр нэмсэн байна. Зарим ААН-ээс ам.долларын ханш, үйл ажиллагааны зардал өссөнтэй холбоотой АИ-92 авто бензиний үнийг нэмэх тухай саналыг ирүүлж байсан.
Засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор баталсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл”-ийн анхдугаар хуралдааныг энэ сарын 5-нд зохион байгуулж, асуудлыг хэлэлцсэн бөгөөд жижиглэн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулах нөхцөл, шаардлага үүссэн эсэх талаарх үндэслэл, холбогдох тооцоо, судалгааг гаргаж дахин хэлэлцэхээр болсон.
Гэтэл дээрх Хамтарсан зөвлөлийн шийдвэрийг үл ойшоож, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй үеийг ашиглан авто бензиний үнийг төр, засгийн холбогдох байгууллагад албан ёсоор мэдэгдэж, зөвшилцөхгүйгээр нэмж, зохисгүй үйлдэл гаргасныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас буруушааж байгааг үүгээр мэдэгдье.
Мөн эдгээр ААН-үүдийн гаргасан үйлдэл нь Монгол Улсын Өрсөлдөөний тухай хууль, бусад хууль, тогтоомжийг зөрчсөн эсэхийг холбогдох байгууллагаар шалгуулах болно.
Эдгээр ААН-тэй бүх төрлийн шатахууны өртөг, үнийн асуудлыг багасгах ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний ээлжинд дизель түлшний жижиглэнгийн үнийг тодорхой хэмжээгээр буулгахаар болоод байгааг ард, иргэдэд мэдэгдье” гэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
АНУ-д нэг литр бензиний үнэ 15 %-ийн татвар ороод яг одооны байдлаар 3500 төг байна.
Ойлгомжтой данхын гар хөлүүдийн хийж байгаа ажил, ялаануудаа намайг явуулаад сайнаа үзэхгүй шүү л гэж байх шиг