Өнөөдөр /2024.11.04/ нэр бүхий УИХ-ын гишүүд 2025 оны төсвийн зардлыг бууруулах тухай шаардлагыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлж байгаа талаараа мэдээлсэн.
Тэдний шаардлагад "2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан МАН, АН, ХҮН намаас бүрдсэн хамтарсан Засгийн газар нь эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, хувийн хэвшлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, татвар, нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн.
Тус улс төрийн намууд нь 2024 оны ээлжит УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, төсөв мөнгөний оновчтой бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр “...Монгол Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хэмжээг 25 хувь хүртэл болгож бууруулна, Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танана, Төсвийн зарлагын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдлыг бууруулна, Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 40 хувиас доош тогтмол хадгална...” хэмээн тусгаж, Монголын ард түмэнд амалсан.
Харин Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны төсвийн төсөл дэх нийт зарлагын хэмжээ 35.8 их наяд төгрөгт хүрч 5.3 их наяд, ЗГ-ийн өр зээл 40.5 их наяд төгрөгт хүрч 5 их наяд, төсвийн урсгал зардал 26.0 их наяд төгрөгт хүрч 3.6 их наяд төгрөгөөр тус тус нэмэгдэж, төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг болж байгаа нь дээр дурдсан амлалтуудын эсрэг үйлдэл болж байна.
2025 оны төсвийн төсөлд тооцоо судалгаанд үндэслээгүй, ач холбогдлоор нь эрэмблээгүй, хууль зөрчсөн, олон тооны үр ашиггүй дараах зардлууд тусгагдсан байна.
Үүнд: 2025 оны төсвийн төслийн зарим урсгал зардлыг 2022 оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад:
-албан томилолт, зочны зардал 28.7 тэрбум төгрөгөөс 111.7 тэрбумд хүрч 4 дахин;
-тавилга, эд хогшил, урсгал зардлын зардал 121.3 тэрбум төгрөгөөс 267.9 тэрбумд хүрч 2.2 - дахин;
-хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ үзүүлэх 18.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эрхийн бичгийн шинээр тараах
-мэдээллийн технологийн үйлчилгээ 19.4 тэрбум төгрөгөөс 69.3 тэрбумд хүрч 3.6 дахин;
-бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр 737.5 тэрбум төгрөгөөс 1.9 их наяд хүрч 2.5 дахин;
-бараа үйлчилгээний бусад зардал 450.5 тэрбум төгрөгөөс 964.2 тэрбумд хүрч 2.1 дахин өссөн байна.
2025 оны төсвийн төслийн зарим хөрөнгө оруулалтын зардлыг 2022 оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад:
-улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах тоног төхөөрөмжийн зардал 239.8 тэрбум төгрөгөөс 817.5 тэрбумд хүрч 3.4 дахин; - их засварын зардал 142.9 тэрбум төгрөгөөс 290.7 тэрбумд хүрч 2 дахин;
-Үндэсний аудитын газрын дүгнэлтээр зураг төсөвгүй, магадлал хийлгээгүй 716.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 18 төсөл арга хэмжээг хууль зөрчин төсөлд тусгасан байна.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөгжлийн томоохон төслүүдийг эхлүүлэхийг бид дэмжиж байна. Гэвч томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх нэрийн дор нийт зардлын 72.6 хувийг бүрдүүлж урсгал зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлж байгааг эрс эсэргүүцэж байна. Төсвийн энэхүү тэлэлт нь хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагаанд нэмэлт дарамт учруулах, инфляцийг 2 оронтой тоонд хүргэх, төлбөрийн тэнцэл муудах, төгрөгийн ханшийг сулрах, гадаад валютын албан нөөцийг бууруулах зэргээр макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.
Иймд инфляцийг нэг орон тоонд барих, ханшийг тогтвортой байлгах, иргэдийн бодит орлогыг хамгаалах, хувийн хэвшлийн тэлэх боломжийг бүрдүүлэх үүднээс Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг буцаан татан авч, өмнөх оны түвшингээс нэмэгдүүлэхгүйгээр төрийн бүтээмжийг дээшлүүлэх замаар нийт урсгал зардлыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулан, дахин өргөн мэдүүлэх шаардлагыг үүгээр хүргүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ таныг улс төрийн манлайлал үзүүлэн уг шаардлагыг хүлээж авна гэж итгэж байна" гэжээ.
Сэтгэгдэл ( 4 )
ЭРЧИМ ХҮЧНИЙ АЛДАГДЛЫГ НҮҮРСНИЙ 40 ИХ НАЯДЫН ХУЛГАЙ, ЭЛБЭГДОРЖ, ЦАГААНЫ ЭРДЭНЭТИЙН УУРХАЙН ОВООЛГЫН ХУЛГАЙ, МАК- Н СТРАТЕГИЙН ИХ НАЯДЫН ХУЛГАЙ ЗЭРЭГ АСАР ИХ, ТОМ ТОМ ХУЛГАЙН МӨНГӨӨРӨӨ НӨХ... ИРГЭД АЧААЛЛЫГ НЬ ДИЙЛЭХГҮЙ...ЭДГЭЭР ХУЛГАЙН МӨНГӨӨР ЭРЧИМ ХҮЧНИЙ АЛДАГДЛЫГ ХЭДЭН ЗУУ МЯНГА ДАХИН НӨХӨХ БОЛОМЖТОЙ.
10 их наядыг хас
дэмжиж байна хэмнэлт хийгээд тэр зардлаараа эрчим хүчний газарт өгөөч дээ тансаглал хэрэггүй шүү зүгээр ард түмнээ бод дандаа бидний хармаанаас гаргах зүйл ярихаа боль новшнуудаа Чойжилсүрэн шиг баян бол өгмөөр л байна
яг зөв дандаа худлаа амлалт гаргаж цаагуураа өөрсдөө хулгайлах өөрсдийн хамаарал бүхий компаниудыг тэжээдэг ийм л луйвар явдаг тийм учраас буцаах ёстой