Улсын төсвийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн алдагдал 1.2 их наяд төгрөгт хүрсэн тухай Үндэсний статискийн хорооны мэдээлэлд дурджээ. Ийнхүү 2024 оны дүнтэй харьцуулахад даруй 33.8% өссөн байна.
БНХАУ-ын зах зээлд нүүрсний үнэ унаснаас шалтгаалан 2025 оны төсөв анх батлагдсан дүнгээсээ хол зөрөх эрсдэл байсан учраас долоодугаар сард тодотгол хийсэн. Тухайн үед Засгийн газар ч солигдож таарсан юм. Улмаар орлогыг 3.9 их наяд төгрөгөөр бууруулж, зарлагыг 1.8 их наяд төгрөгөөр танасан билээ. Хэдийгээр бууруулж, танасан ч нүүрсний экспортын бие хэмжээг 85 сая тонн байхаар тооцож, тонн тутмыг нь 70 ам.доллароор борлуулахаар тооцсон. Хэдийгээр оны эцэст 83.9 сая тонн нүүрс экспортолж биет хэмжээ нэмэгдсэн ч, үнийн хувьд тооцсоноос тааруу байсан тул нүүрсний экспортын орлого буурсан юм.
Манай түүхий эдийн экспортын хоёр дахь эх сурвалж болсон зэсийн баяжмалын экспортын орлого 75% өссөн нь нүүрсний орлогын алдагдлыг бага ч атугай нөхөх үндэс болжээ. Зэсийн баяжмалын экспорт өссөн нь геополитикийн хурцадмал байдал, их гүрнүүд зэсийн нөөцийн бүрдүүлэлтээ нэмэгдүүлсэнтэй шууд холбоотой гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Сэтгэгдэл ( 0 )