УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, санал хураалтад 110 гишүүн оролцсоноос 90 гишүүн буюу 81.8 хувь нь дэмжсэнээр төсвийг эцэслэн батлав.
2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд, нийт зардал 35.8 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн. Урсгал зардал өндөр 2025 оны төсвийг УИХ-ын гишүүд эсэргүүцэж, гарын үсэг цуглуулаад байгаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас тогтоол баталж, 2025 оны төсөв батлагдсаны дараа дахин төсвийн тодотголыг өргөн барихаар боллоо.
Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Дэгийн тухай хуулийн 9-р бүлгээр төсөв тусгай дэгээр хэлэлцүүлэгдэнэ. Төсвийн дөрвөн хэлэлцүүлэг байгаа. Нэгдүгээр хэлэлцүүлэг дээр хөгжлийн бодлого төлөвлөлтөд өргөн барьсан төсөв нийцэж байна гээд үзчихсэн тохиолдолд Засгийн Газар эргэн татах боломжгүй. УИХ-аас төсвийг буцаах боломжгүй. Гэхдээ УИХ-ын гишүүдээс төсвийн урсгал зардлыг танах ёстой гэсэн байр суурь гарч байгаа учраас УИХ болон Төсвийн байнгын хорооны зүгээс Тогтоолын төслийг санаачилж өнөөдөр Төсвийн байнгын хороо хуралдаж батлаад төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг дээр хэлэлцүүлэгдэнэ.
Энэ ондоо багтаж төсвийн тодотголыг өргөн барина гэж байгаа учраас Төсвийн тодотголыг энэ ондоо багтаж хийх тогтоолыг Төсвийн байнгын хороо баталж байгаа. Төсөв эцэслэн батлагдсаны дараа УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг гараад Засгийн газраас төсвийн тодотголтой холбоотой асуудлаар хамтарч ажиллана. УИХ-ын ажлын хэсэгтэй аудитын байгууллага болон төсвийн тогтвортой байдлын зөвлөл хамтарч ажиллана. Засгийн газар, Сангийн яам батлагдсан төсөв дээр үнэлэлт өгч тодотгол хийх үндсэн шаардлагуудаа тодорхой болгож энэ ондоо багтаж төсвийн тодотголыг өргөн барих зохицуулалт руу орсон. Гуравдугаар хэлэлцүүлгийн түвшинд төсвийг татаад авчих, буцаачих гэж гишүүд шаардаж байна. Гэтэл тэгэх хуулийн зохицуулалт байхгүй" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )