Японы Засгийн газар Оростой нутаг дэвсгэрийн асуудал хийгээд шийдэгдээгүй үлдсэн өөр бусад асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай харилцаа холбоогоо хадгалах нь чухал хэмээн үзэж байна гэж Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Минору Кихара ээлжит хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
“Хөрш орнуудын хувьд Япон, Оросын хооронд шийдвэрлэх шаардлагатай олон асуудал үлдсэн. Иймд Оросын талтай зохих түвшинд харилцаа холбоогоо хадгалах шаардлагатай юм. Японы эрх баригчид нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэсэн байр сууриа тууштай баримталж байгаа” гэж тэр тэмдэглэсэн байна. Тэрээр мөн Украинд явуулж байгаа Оросын цэргийн ажиллагааг шүүмжилжээ.
Хоёр улсын эрх баригчид ХХ зууны дунд үеэс л Дэлхийн хоёрдугаар дайны дараах энхийн гэрээ байгуулах асуудлаар зөвлөлдсөөр ирсэн аж. Ийм энхийн гэрээ байгуулахад саад болж буй гол асуудал нь Курилын арлуудын өмнөд хэсгийг эзэмших эрхийн талаар үүссэн санал зөрөлдөөн юм. Дайны дараа Курилын бүлэг арлуудыг Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд оруулсан боловч Япон улс Итурупа, Кунашира, Шикотана арал болон бусад жижиг бүлэг арлыг өөрийн нутаг дэвсгэр хэмээн үздэг.
Украинд явуулж байгаа Оросын цэргийн ажиллагаатай холбогдуулан Япон улс ОХУ-ын эсрэг хориг нэвтрүүлсэн учраас Оросын тал Японтой энхийн гэрээ байгуулах асуудлаар хийж байсан зөвлөлдөөнийг зогсоосон байна.

Сэтгэгдэл ( 0 )