
Өмнөд Солонгосын Сөүл хотноо Автобус үйлчилгээ эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэл мягмар гарагаас эхлэн ажил хаялт зарлаж, иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсчээ.
Цалин хөлс болон хамтран ажиллах талаарх хэлэлцээр амжилтгүй болсны улмаас ийнхүү ажил хаялт зарласан бөгөөд Сөүл хотод автобус үйлчилгээ эрхэлдэг 64 компанийн 394 чиглэлийн 7382 автобус үйлчилгээнд гардаг байна. Гэсэн ч ажил хаялт зарласнаас хойш тухайн өдөр үйлчилгээнд гарах ёстой байсан нийт 7,018 тээврийн хэрэгслийн 6.8 хувь нь буюу ердөө 478 автобус л үйлчилгээнд гарсан байна.
Сөүл хотын захирагч У Се Хүн иргэдэд чирэгдэл учруулахгүй байж болох бүхий л арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон бөгөөд хорооллуудаас метроны шугам хүртэл үнэгүй автобус явуулж, метроны зорчих давтамж болон ажиллах цагийг сунгажээ.
Гэсэн ч энэхүү арга хэмжээ нь өртөг өндөртэй байгааг холбогдох албан тушаалтууд дурдсан байна. Өдөрт ойролцоогоор тэрбум орчим вон дээрх арга хэмжээнүүдийг авахад зарцуулж байгаа бөгөөд үйлдвэрчний эвлэлийг иргэдэд учирч буй хүндрэлийг харгалзан үзэж, ажилдаа яаравчлан эргэн орохыг уриалж эхэлжээ.


Сэтгэгдэл ( 0 )