Монгол Улсын Эрдмийн Их сургууль нь дэвшилтэт шинэ санаа, судалгаа, инновацыг хөгжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, байр суурийг шийдвэр гаргагчид, олон нийтэд нээлттэй хүргэх зорилгоор улс орны хөгжлийн тулгуур асуудлуудаар шинжлэх ухаан-практикийн цуврал хэлэлцүүлгүүдийг санаачлан зохион байгуулж ирсэн билээ.
Энэ удаа тус сургууль нь Монгол улсад судалгааны их сургууль үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан “Дээд боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага ба Монгол улс” сэдэвт шинжлэх ухаан-практикийн хэлэлцүүлгийг 2026 оны 04-р сарын 17-ны өдөр Төрийн ордны Их эзэн Чингис хааны нэрэмжит танхимд зохион явуулав. Хэлэлцүүлэгт эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, их, дээд сургуулийн 100 гаруй эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцов.
Шинжлэх ухаан - практикийн хэлэлцүүлэгт доктор, профессор А.Гэлэгжамц, доктор, дэд профессор Ч.Сэлэнгэ нар “Орчин үеийн дээд боловсрол ба нээлттэй шинжлэх ухаан” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Энэхүү илтгэлд дэлхий дахинд их сургуулиуд зөвхөн мэргэжилтэн бэлтгэх байгууллагаас судалгаанд суурилсан инновацын төв, бодлогын шийдвэр гаргахад оролцогч стратегийн институт болон хөгжиж байна. Мэдлэг, мэдээллийн эрин үед дээд боловсролын үүрэг эрс нэмэгдэж, их сургуулиуд улс орны өрсөлдөх чадвар, тогтвортой хөгжлийн гол хүчин зүйл болж байгааг авч үзээд өнөөдөр дэлхийд судалгааны их сургууль, үйлдвэрлэлд суурилсан их сургууль, инновацын их сургууль зэрэг олон төрөл ангилал бий болж, нийгмийн хөгжлийн шинэ шаардлагад нийцэн хөгжиж байгаа бол Монгол Улсад их сургуулийн төрөлжилт, судалгааны чадавх, инновацын үйл ажиллагаа харьцангуй сул хэвээр байгаа нь дээд боловсрол, шинжлэх ухаан, инновацын тогтолцоог шинэчлэх шаардлагыг улам бүр нэмэгдүүлж байна хэмээн дүгнэсэн байна.
Монгол Улсад өнөөдөр нийгэм, эдийн засгийн олон салбарт системийн хямрал нүүрлээд байгаа энэ үед их сургуулийн бие даасан байдлыг хангах, эрдмийн эрх чөлөөг дэмжих, төрийн хэт төвлөрсөн удирдлагыг бууруулах, мэдлэгт суурилсан бодлого боловсруулах, эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх нь онцгой ач холбогдолтой болж байна. Шинжлэх ухаан нь мэдлэгийн тогтолцоонд тулгуурладаг бөгөөд шинэ мэдлэг бий болгохгүйгээр нийгмийн асуудлыг тогтвортой шийдвэрлэх боломж хязгаарлагдмал болохыг “Дээд боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага ба Монгол Улс” сэдэвт эрдэм шинжилгээ, практикийн хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо. Түүнчлэн эрдэмтэн судлаачдад өрсөлдөх тэгш боломж бүрдүүлэх, хувийн хэвшлийн их сургуулиудыг ялгаварлан гадуурхахгүйгээр дэмжих, судалгаанд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бий болгох нь дээд боловсролын шинэчлэлийн нэг чухал чиглэл болохыг санал нэгтэй дүгнэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Н. Учрал энэхүү хэлэлцүүлэгт оролцогчдод хандан Мэндчилгээ илгээсэн бөгөөд уг мэндчилгээнд Монгол Улсын Засгийн газар дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн, өөрийн улсын онцлог бүхий Үндэсний дээд боловсролын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэн, дээд боловсрол, шинжлэх ухааныг дотоод зүй тогтлоороо хөгжих боломжийг бий болгож, хөгжилд саад болсон хүндрэл бэрхшээлийг арилгахад анхаарлаа хандуулан ажиллахаа илэрхийлсэн байна.
Шинжлэх ухаан-практикийн хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсад дээд боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлж, шийдвэрлэх санал, дүгнэлтэд үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар болон улс төрийн хүчнүүдэд хандсан Зөвлөмж-ийг хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )