Балга шатахууны “амт”

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Нарны гүүр. Хоёр талдаа нэгдүгээр эгнээгээр автомашин эгнэн зогсоно. Нэгдүгээр эгнээ ч гэж Хотын шинэ дарга дугуйн зам гэж үзээд ногооноор будсан хэсэг л дээ. Юунд ингэтлээ эгнэн зогссоныг эрхэм уншигч та бараг таасан л байлгүй. Шатахуунд эгнэсэн нь энэ. Зарим нь яг нэг хоноод авч байгаа бол таван цаг уйгагүй дугаарлаад бэлэн гоймонгоор аргацаасан хэсэг жолооч ч байна. Хүмүүс эгнээд байхаар нь дагаад зогсчихлоо гэсэн хэсэг ч байна. Чухамдаа хэдэн цаг болохоос үл хамаараад балга бензинтэй болохын төлөө тэд зогсож байна. Хотын хаана ч ялгаа алга. Нэг хоносон жолоочдын хамрынх нь урдуур тасалжээ. Яагаад гэх учрыг лавлавал уг нь бензин байгаа гэх боловч компанийн удирдлагууд нь өдөрт олгох шатахууны хэмжээг тогтоожээ. Ингээд таван цаг нь нэг хоног болж, нэг хоног нь цаашаа сунана.

Одоогоос яг таван жилийн өмнө дөө. Өнөөдрийнх шиг дүр зураг ажиглагдаж байлаа. Дарга цэрэг нь өнөөдрийнх шиг хариу өгч байлаа.

Одоогоос яг таван жилийн өмнө дөө. Өнөөдрийнх шиг дүр зураг ажиглагдаж байлаа. Дарга цэрэг нь өнөөдрийнх шиг хариу өгч байлаа. Таван жилийн өмнөхөөс байдал дээрдсэнгүй. Улам л дорджээ. Тухайн үед дарга нарын амны уншлага нь ковид-19 цар тахал байлаа. Одоо харин цар тахал бол Орос-Украины дайн болжээ. Буруутан олохдоо гаргууд манай хэд бүр Украинчуудыг буруутгаж харагдана лээ. Буруутан нь харь этгээд биш дотор бид юм л. Таван жилийн өмнө засгийг хэн атгаж байлаа. Ардын намынхан. Тухайн үед шатахуун хадгалах нөөцлүүрээ шийдчихсэн бол өнөө бид арай өөр ч байх байсан юм билүү. Гэхдээ тухайн үед “Хорь тавь” гэж уянгалаад өөр дайсантай “байлдаж” байсан цаг. Дарга нарын албан тушаал нь дэвшиж нэг, доошилж нэг шилжсээр өнөөтэй золгосон. Авчиг дайсан болгоод цоллож байсан хэд нь наадам, найрын хойморт тухалцгааж, хулгайч гэж оношлуулаад шоронд суусан хэд нь наранд гарч ирээд хохирогчийн дүрд тоглоцгоож байна.

Арслантай хөшөөний уулзвар. Шатахуунт дугаарлаж буй байдал /2026.07.30/MPA/

Оны эхэнд салбарын сайд нь Иран-АНУ-ын дайнд буруугаа чихиж суухад манайтай ямар ч хамаагүй байлаа. Ангарскийн үйлдвэр ер нь энэ дайнд хохирох учир зүйн үндэс байхгүй л дээ. Харин биднийг наадам гэж хөөрцөглөж байх зуур Орос-Украины дайн шинэ шатанд гарч Украины талаас ОХУ-ын иргэний байгууламжууд руу дроноор халдаж эхлэхэд эхний бай нь шатахууны нөөцлүүр, үйлдвэрүүд болж хувирсан. Чухам энэ нь л манайд нөлөөлөх гол шалтгаан болжээ. Дээрээс нь манайд хангалттай нөөцлүүр байхгүй гэж байгаа. Тийм учраас өдөр өдөрт нь татаад, түгээгээд явахаас өөр арга байхгүй. Гэхдээ АМГТ-ны газрын даргын гөрдсөн шиг наадмын өдрүүдэд дөрвөн сарын нөөцөө шавхсан гэдэг бол яав ч нийцэхгүй зүйл. Дөрвөн сарынхыг хэрэглэлээ гэхэд Монгол Улс ер нь л анх удаа наадам хийж байгаа биш болзошгүй эрсдэлд бэлдэх байсан. Гэвч тэгээгүй.

Монгол Улс Үндэсний баялгийн нэгдсэн санд бүртгэснээр 332.64 сая тонн газрын тосны батлагдсан нөөцтэй.

Гэхдээ энэ бол ашиглаж болох геофизикийн судалгаагаар баталгаажсан тоо гэдгийг санах нь зүйтэй. Гэвч бид сүүлийн арван жил бензин тасалдах аюултай “байлдсаар” ирлээ. Боловсруулах үйлдвэрээ байг гэхэд нөөцлүүр ч үгүй байж Монгол Улс. АМГТ-ны газрын өчигдрийн албан мэдээллээр Сүхбаатар боомтоор 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 51 вагон буюу 4,020 тонн Аи-92 автобензин, 31-ний өдөр 41 вагон буюу 2,460 тонн нийт 6,480 тонн Аи-92 автобензин орж ирсэн нь манай улсын 3 өдрийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний автобензин орж иржээ. Одоо түгээнэ. Гэхдээ нэгэнт дугаарлаж эхэлсэн л бол энэ байдал мөддөө намжихгүй. Салбар яамны сайдын романтизм шиг ачилт эхлээд түгээж эхэлсэн л бол дугаарлаж буй машин цөөрөхгүй гэдгийг санах нь зүйтэй. Дээрээс нь одоо дэлхийн том хурал болох гэж байна. Дарга нар үүнийгээ тооцоод тэгш, сондгойгоор зорчуулж эхлэх шийдвэр гаргасан. Бензиний хомстлоо далдлах нөөцөө одоо байгаадаа хадгалж үлдэх гэсэн механик шийдвэр шүү дээ. Дэлхийн хурал дуусна. Тэгш, сондгой ч дууслаа гэж саная. Тэгээд яана гэж, бахь байдагтаа л үлдэнэ. Дээрээс нь Орос-Украины дайн яаж ч эргээ юм билээ. Байдал үүнээс ч дордохыг үгүйсгэхгүй.

Ер нь шатахуунаа тасалдуулж байдаг манайх шиг улс мега төсөл гэж дэлхийтэй мөчөөрхөх хэрэг огт алга. Яажшуухан шатахуунаа таслахгүй байх вэ, яаж нэг юм цахилгаангүй, дулаангүй болчихгүйхэн шиг өвлийг барах вэ, яаж утаагаа бууруулах вэ гэдэгтээ л анхаарвал барав. Мега мөрөөдөлдөө автаад дэвж явахын оронд балга бензинээ таслалгүй өгөх тал дээр анхаармаар байна. Шатахууныг хүмүүс амтгүй л гэх байх. Гэхдээ олон цаг дугаарлаж, цагаараа хохирч, бараг улсаараа тэг зогсоод амтыг нь мэдэрч байна!


ЗҮҮЛТ

Монгол Улсын Засгийн газрын мэдээлснээр ОХУ-аас Сүхбаатар боомтоор импортоор 2026.08.01-ний өдөр 2220 тонн, 2026.08.02-ны өдөр 2940 тонн нийт 86 вагон буюу 5160 тонн АИ-92 автобензин буужээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(91.24.133.229) 29 минутын өмнө

Uchral p

0  |  0
Top