
АНУ-ын зураач, Грэмми шагналын эзэн Лори Андерсон “Ирээдүйн номын сан” төсөлд нэгджээ.
“The Guardian” хэвлэлд мэдээлснээр, түүний гар бичмэлийг 88 жилийн турш уншигчдад үзүүлэхгүй бөгөөд 2114 онд олон нийтийн хүртээл болгох аж. Төслийн санаагаар бусад зохиолчдын бүтээлийн адил Андерсоны гар бичмэлийг Осло дахь нийтийн номын сангийн тусгай танхимд хадгална. Текст бүрийг “Ирээдүйн номын сан”-гийн ойд ургуулсан модоор хийсэн цаасан дээр хэвлэнэ.
Андерсон төслийн санаа шууд л таалагдсан тухай ярьжээ. Тэрбээр багаасаа ном унших, номын санд суух, ойгоор зугаалах дуртай байсан аж.
Төсөлд Маргарет Этвуд, Хан Кан, Оушен Вуонг, Дэвид Митчелл, Элиф Шафак, Карл Уве Кнаусгор болон бусад нэртэй зохиолчид оролцож байна.
Уг төслийг Шотландын зураач Кэти Патерсон санаачилжээ. 2014 онд эхэлсэн төсөл 100 жил хэрэгжих ба энэ хүрээнд жил бүр орчин цагийн зохиолчдын нэг шинэ бүтээлийг төсөлд шилжүүлнэ. Ийн цуглуулсан бүх бүтээлийг 2114 онд хэвлэн, олны хүртээл болгох юм. Төслийг хэрэгжүүлэхэд зориулж Норвегийн Осло хотын захиргаа тусгай сан нээжээ. Тус сангийн хороо зохиолчдыг сонгодог байна. Кэти Патерсоны ярьснаар, түүний санаачилсан төсөл нь богино хугацааны сэтгэлгээг давж, зуун жилийн дараа амьдрах үеийнхэнтэй итгэлцэл, төсөөлийн гүүр бий болгох зорилготой аж. Тэрбээр 2014 онд “Ирээдүйн номын сан”-гийн ойд 1000 гацуур тарьжээ.

Сэтгэгдэл ( 0 )