Баавгайн халдлагад амиа алдсан иргэний ар гэрт нөхөн төлбөр олгоно

Өнөөдрийн байдлаар орон нутаг болон улсын тусгай хамгаалалттай газарт нийт 997 баавгай суурьшлын бүсэд үзэгджээ. Тэдгээрийн 80 гаруй хувь нь бамбарууш болон бамбаруушаа дагуулсан эм баавгай байсан бол сүүлийн өдрүүдэд нас бие гүйцсэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх нь нэмэгджээ.

Мөн иргэдэд хохирол учруулахаас сэрэмжлэх зорилгоор есөн аймаг, нийслэлд нийт 38 хүрэн баавгайн тоо толгойг зохицуулах зөвшөөрөл олгосон байна

Үүнээс:

1. Хэнтий аймаг: 11 баавгай (одоогоор 6-ийг аюулгүй болгосон)

2. Сэлэнгэ аймаг: 6 баавгай, (одоогоор 2-ыг аюулгүй болгосон)

3. Хөвсгөл аймаг: 3 баавгай (одоогоор 2-ыг аюулгүй болгосон)

4. Дархан-Уул аймаг: 3 баавгай, (2 хорогдол) төмөр замд дайруулсан

5. Увс аймаг: 3 баавгай (одоогоор 2-ыг аюулгүй болгосон)

6. Завхан аймаг: 3 баавгай (одоогоор 2- аюулгүй болгосон)

7. Төв аймаг: 3 баавгай (одоогоор 2-ийг аюулгүй болгосон)

8. Нийслэл (Улаанбаатар): 3 баавгай (одоогоор 1-ийг аюулгүй болгосон)

9. Архангай 3 (одоогоор 1-ийг аюулгүй болгосон) буюу одоогийн байдлаар Хэнтий, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Булган, Архангай, Нийслэл нь холбогдох байгууллага болон цагдаагийн хяналт дор 20 баавгайг аюулгүй болгосон байна.

Засгийн газраас баавгайтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хүрээнд унтуулгын буу, сум худалдан авах шийдвэр гаргаж, худалдан авах ажиллагааг эхлүүлсэн. Мөн галт зэвсэг ашиглах эрх бүхий албан хаагчдыг дайчлан ажиллуулж, ан агнуурын тусгай зөвшөөрөлтэй анчидтай хамтран ажиллаж байна. Баавгайн халдлагаас өөрийгөө болон бусдыг хамгаалах зорилгоор зайлшгүй арга хэмжээ авч, баавгайг устгасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх зохицуулалт бий.

Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу баавгайн халдлагад өртөж амь насаа алдсан иргэний ар гэрт олгох нөхөн төлбөрийн асуудлыг хуулийн хүрээнд шуурхай нэгтгэн шийдвэрлэхээ мэдэгдлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top