Японд хүчтэй газар хөдлөлт болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 14

Японд өнөөдөр Рихтерын шаталбараар  8,4 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн голомт Японы зүүн хойд хэсэгт, нийслэл Токио хотоос 400-аад км зайтай газарт, Номхон далайн 32 км-ийн гүнд эргээс холгүй  байжээ. Газар хөдлөлтийн эхний доргилт чичиргээ орон нутгийн цагаар өнөөдөр 14 цаг 46 минутад мэдрэгдсэн байна. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас далайн хүчтэй давалгаа, цунами дэгдэж эрэг хавийн хот суурин газарт нөмөрчээ. Одоогоор гамшигт үзэгдлийн учруулаад байгаа хор хохиролын талаар албан ёсны тоо баримт мэдээлэхгүй байгаа ч газар хөдлөлтийн хүч маш их байгаагаас их хэмжээний гамшиг хохирол дагуулах нь гарцаагүй байгаа юм. Газар хөдлөлт Японы зүүн хойд нутагт болжээ. Газар хөдлөлтийн голомт нь Номхон далайн уснаа, газрын гүнд байснаас цунами, далайн хүчтэй давалгаа дэгджээ. Японы Хонсю арлын төв Мияги мужийн далайн эрэг хавийн газар цунамид автаж, энд бараг 10 метрийн өндөр далайн хүчтэй давалгаа орж ирсэн байна. Хүчтэй цунамигийн улмаас эрэг хавийн барилга байшин хуйлран сүйдэж, машин тэрэг, жижиг завь, хөлөг онгоцнууд усны хүчтэй түрлэгт туугдан хумигдаж байжээ.Орон нутгийн эрх баригчид нь иргэдээ байгалийн гамшигт үзэгдлээс сэргийлэн, аюултай газраас зугтахыг зөвлөж байжээ. Хэлж ирдэггүй хийсч ирдэг гамшигт үзэгдэл замдаа дайралдсан бүхнээ хаман урагшилж байсан байна. Хүчтэй газар хөдлөлтийн дараа Мияги мужид цахилгаан эрчим хүч тасалджээ. Түүнчлэн Хонсю, Мияги, Ивата, Фукусима зэрэг мужийн эрх баригчид ард иргэдээ аль болох өндөрлөг газар луу яаралтай явахыг зөвлөсөн байна. Газар хөдлөлтийн доргилт чичиргээ үргэлжилж, хүч нь нэмэгдэн , сүүлд зарим эх сурвалжууд газар хөдлөлтийн хүчийг 8,8 балл болтлоо нэмэгдсэн гэж мэдээлж байжээ. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Мияги мужид байрлах Оннагава цөмийн цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоосон байна. Түүнчлэн Сендай нэртэй томоохон хотод байгалийн хийн хоолой хагарч, хий алдагдан дэлбэрэлт болж гал гарсан талаар мэдээлж байна. Хүчтэй газар хөдлөлтөд нийслэл Токио хот мөн өртжээ. Энд барилга байшин доргиж чичрэн, тавилгууд нь хөдлөн, гэрлийн бүрхүүл нь ойчиж байжээ. Айж сандарсан хүмүүс орон гэрээ орхин гадаа гудамжинд гарцгааж байсан байна. Наритагийн олон улсын нисэх буудал хаагдаж, хурдны галт тэрэгнүүдийн хөдөлгөөнийг зогсоожээ. Түүнчлэн Токио хотноо нийтийн тээврийн бусад үйлчилгээ ч саатсан байна. Байгалийн гамшигт үзэгдэл нүүрлэсэн даруйд Токиод гар утасны сүлжээ ачааллаа даагаагүйгээс хаагдан, холбоо харилцааны хоцорсон байна.Японы сайд нарын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж, гамшгийн нөхцөл байдалд хэрхэн ажиллаж, ямар арга хэмжээ авахаа хэлэлцэж, шуурхай ажлын хэсэг байгуулсан байна. Японы эрх баригчид газар хөдлөлт дахин давтагдаж болзошгүй гэж анхааруулж байгаа юм. Номхон далайн уснаа болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас зөвхөн Японд төдийгүй мөн Оросын нутаг дэвсгэр, тэр дундаа Куриллын арлуудад цунами дэгдэж болзошгүй гэсэн анхааруулга сэрэмжлүүлэг гаргажээ.

Tv5-аас иш татав zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top