Хэдэн жилийн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга асан Ц.Хурц нарын гүйцэтгэх ажилтнууд Европын холбооны хэд хэдэн улсын дотоод хууль дүрмийг зөрчиж Дамирангийн Энхбатыг баривчилж ирсэн билээ. Үүний хар гайгаар Монгол улсын нэр хүнд төдий чинээгээр унаж байна. Дамирангийн Энхбатыг С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн аллагад сэжиглэн баривчилж нууцаар хил давуулан Монголд авчирсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Анх Францаас Дамирангийн Энхбатыг авчрахдааа Франц дахь Монгол улсын Элчин сайдын яаманд Люлхень хотоос барьж, яамны доод хонгилд хорьж, нэвширтэл нь зодож байнга унтуулдаг тариа хийн тамлаж Парисаас Москва орох Аэрофлотын онгоцонд ухааныг нь самууруулах эм уулган суулгаж, Москвагаас Монголын МИАТ компанийн онгоцонд нойрсуулах тариа хийн амьгүй болох шахсан түүнийг маш нууцаар шөнө дунд Буянт-Ухаад онгоц газардахад ТЕГ-ын тусгай машинд ачин, тагнуулын газрын тусгай хорих камерт хорьж С.Зоригийн аллагын хэргийг хүчээр тулгахыг оролдон, зодож занчин айлган сүрдүүлсээр бараг тэр камерт нь үхүүлснийг учир мэдэх олон хүн мэдэж байгаа. Чухам л энэ дуулиантай хэргээс болж Ц.Хурцыг Англи улсад баривчлан хорьж ял төлөвлөх шатандаа явж байгаа нь өнөөдөр Монгол улсын нэр хүндийг төдий чинээгээр унагаж байгаа хэцүүхэн явдал болж байна. Мэдээллийн эх сурвалжууд янз бүрийн өнцгөөс энэ талаар мэдээлж байгаа бөгөөд өдгөө Ц.Хурцыг “золигт гаргалгүй” авч үлдэх гэсэн лидерүүдийн санаа тийм ч амархан бүтэхгүй байна. Манай Гадаад Хэргийн Яамнаас Английн талд хүсэлт тавьж эх орондоо Ц.Хурцын асуудлыг шийдвэрлэх гэсэн санаагаа хэрэгжүүлэхийг зорьж байгаа боловч, хүний эрхийг дээд зэргээр хангасан өндөр хөгжилтэй тэр улсуудын шахалт дарамтыг өдгөө болтол амссаар аж. Саяхан нэгэн эх сурвалжаас 2003 онд Ц.Хурцын даалгавраар Франц явж Дамирангийн Энхбатыг баривчлах ажиллагаанд оролцсон манай нууц ажилтнуудыг илрүүлэх, болж өгвөл Ц.Хурцын адил баривчлан Лондонд ял хэлэлцэж магадгүй гэсэн мэдээлэл ирлээ. 2003 онд Дамирангийн Энхбатыг анх баривчлах ажиллагаанд оролцсон Монголын ТЕГ-ын дөрвөн нууц ажилтанг илрүүлэх гэж Английн G-1 нуц албаны хэсэг төлөөлөгчид Монгол руу мордох гэж байгаа талаар Парист суугаа манай сөрөг тагнуулчдаас мэдээ ирсэн гэлцэнэ. Өдгөө манай тагнуулынхан тун их сандарч байгаа бөгөөд энэхүү ажиллагаанд оролцсон дөрвөн тусгай ажилтнаа нууцлахын дээдээр нууцалж, гэр орон, эхнэр хүүхдийг нь хүртэл хараа хяналтандаа авсан сураг дуулдана. Хэдийгээр Европын холбооны хууль дүрмийг зөрчин байж, Монгол улсын хуулинд заасны дагуу өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт этгээдийг баривчлан авч ирсэн боловч яахын аргагүй л гадаадын хуулийг зөрчсөн болохоор хэрвээ Английн тагнуулынханд баригдвал бас л Ц.Хурцын араас орох саарал тавилан хүлээж байна. Ийм учраас энэхүү ажиллагаанд оролцсон дөрвөн тусгай ажилтнаа манайхан шувууны өндөг лугаа даран нууцалж чандалсан нь өөрийнхөө улсын хуулийн хүрээнд явагдсан зөв үйл ажиллагаа хэмээн манай тагнуулынхан үзэж байна. Дамирангийн Энхбатыг баривчилсан явдал бол манай тагнуулынхны хувьд гадаадад явуулсан анхны үйл ажиллагаа биш бөгөөд эх орны дайны жилүүдэд болон социализмын үед ч хүртэл БНХАУ-д хэд хэдэн үйл ажиллагаа явуулж байсан авъяаслаг туршлагатай тагнуулын алба гэдгээрээ бахархах боловч Ц.Хурцаас болоод нэгмөсөн шаварт уначихаад байгаа нь даанч харамсалтай.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )