Сургууль, цэцэрлэгийн багш нар өнөөдөр МҮЭ-ийн байранд хэвлэлийн хурал хийлээ. Тэд өнгөрсөн аравдугаар сарын 3-нд хуралдсан “Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт” Үндэсний хорооны хурлаар 2012 оны эхний улиралд багтаан цалинг хоёр дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Гэтэл Засгийн газар МҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн холбоотой зөвшилцсөн шийдвэрээсээ ухарч, 2012 оны гуравдугаар сарын 1-нээс 80 мянган төгрөг, тавдугаар сарын 1-нээс 23 хувиар нэмэгдүүлэх болсныг эсэргүүцэж, хэвлэлийн бага хурлаар дамжуулан мэдээлэл хийж, жагсаал цуглаан зохион байгуулж, Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлсэн ч тодорхой хариу хүлээж аваагүй гэж үзэж байгаа тул ийнхүү ажил хаялт зохион байгуулахаар болсон байна. Улмаар арваннэгдүгээр сарын 28 буюу ирэх даваа гаригаас эхлэн ЕБС, цэцэрлэгийн багш, ажилтнууд сануулах ажил хаялт хийх болсноо өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр албан ёсоор мэдэгдэв. Тэд цалин, орлого нэмэгдүүлэх асуудлыг ирэх оны эхнээс хэрэгжүүлэхийг шаардаж байгаа юм. Харин асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд хугацаагүй ажил хаялт зарлах гэнэ. Түүнчлэн тэдний энэхүү тэмцлийг соёл урлаг, хэвлэл мэдээлэл, эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон хөдөө, орон нутаг, нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбоод дэмжиж, ажил хаялтад нэгдэх болсон тухай ч дуулгав. Даваа гаригт эхлэх сануулах ажил хаялт хоёр цагийн хугацаатай байх бөгөөд шаардлагатай бол хугацааг нь уртасгаж, хугацаагүй ажил хаялтанд шилжих ажээ.
Хөдөө орон нутгийн 21 аймаг энд бас хамрагдаж байна. Ажил хаях болсон талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар:
- Засгийн Газар амласандаа хүрэхгүй байгаа тул МҮЭХ-ноос багш нарынхаа тэмцлийг дэмжиж, зохион байгуулж байгаа. Ирэх долоо хоногоос боловсролын болон урлагийн салбарынхан сануулах ажил хаялтыг хийж буйг мэдэгдэж байна. Хэрвээ энэ удаагийн ажил хаялт дорвитой үр дүнд хүрэхгүй бол бид ирэх оны нэгдүгээр сараас улс орон даяар бүх салбарын ажил хаялтыг хийх болно.
Засгийн газар бидэнтэй хэлэлцээрийн ширээний ард суухдаа 2012 оны нэгдүгээр улиралд багтаж хоёр хувааж нэмнэ гэж хэлсэн. Гэтэл одоо болохоор гурав, тавдугаар сард нэмнэ гэж ярьж байна. Бидний хувьд нэгдүгээр сард болон цагаан сарын үед нэмүүлэх шаардлага тавьж байгаа. Зарим хүн төрийн албыг л дэмжлээ гэж ярьж байна. Гэтэл бид хувийн хэвшилд цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар ч тэмцэж байгаа. Багш нар болон соёлын салбарын ажилтнууд дунд тэмцэгчид байгаатай адил хувийн салбарт, өөрийнхөө компанид цалин нэмүүлэх талаарх тэмцлийг хийгээч. Инфляци цалинтай хамааралгүй нэмэгдэж байгаа гэдгийг хэлмээр байна. Тиймээс иргэн бүр энд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Монгол оронд баялгийн шудрага хуваарилалт бий болгохын төлөө бид цаашид тэмцэнэ. Одоо ажил хаяна гэхээр маргаашнаас эхлээд хүүхэд зоддог багш, багш нар чадваргүй гэх мэт сөрөг мэдээллүүд гаргаж эхэлнэ. Гэвч бид ганц цалин нэмүүлэх асуудлыг яриад байгаа асуудал биш өнөөдөр боловсролын салбарын үнэлгээг сайжруулснаар цаашдын, ирээдүйн хөрөнгө оруулалтыг хийж байна гэдгийг хэлмээр байна” гэлээ.
Монголын Боловсрол соёл шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг:
-Өнөөдөр ажил хаялтын бэлтгэл ажил хийгдэж байгаа. Сануулах ажил хаялтын саналыг багш нар хүлээн авахгүй байгаа бөгөөд хугацаагүй ажил хаялт хиймээр байна гэдгийг МҮЭХ-нд санал болгож байна. Тиймээс энэ асуудалд УИХ анхаарлаа тавьж, цаг алдалгүй шийдэлд хүрнэ гэж найдаж байна гэлээ.
Б.Гарьд
Сэтгэгдэл ( 0 )