Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавт ганц удаа хүлээн авч уулзахыг хүслээ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 24

Дархан-Уул аймгийн иргэн Ж.Ганбат нь Гаалийн ерөнхий газрын дарга, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга асан З.Мөнхбатын эхнэр, хүүхдүүдээс 2007 онд Ацетилины үйлдвэрийг гэрээний дагуу худалдан авсан гэдэг. Гэтэл тус үйлдвэрийн анхны эзэн талийгаач З.Мөнхбатын хүргэн Г.Мөнхнайрамдал хууль бус бичиг баримт, тамга тэмдэг бүрдүүлэн үйлдвэрийг өөрийн нэр дээр шилжүүлснээр хууль ёсны өмчлөгч Ж.Ганбат банкинд тавьсан байсан үйлдвэрээ булаалган банкны олон сая төгрөгийн өрөнд орсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэрээр хууль ёсны дагуу худалдан авсан үйлдвэрээ алдахдаа хэргийн үнэн зөвийг тогтоолгохоор Дархан-Уул аймгийн шат шатны шүүхэд хандсан ч хууль хяналтынхан хэргийг шийдэж өгөлгүй өдийг хүрсэн байгаа аж. Тийм ч учраас тэд бидний эцсийн найдвар Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав хэмээж байсан билээ.

Харин өчигдөр талийгаач З.Мөнхбатын эхнэр, хүүхдүүд хэвлэлийнхэнд хандлаа. Талийгаач 1998 онд Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдоход эхнэр, хүүхэд нь Сингапурт түр хугацаагаар амьдарч байсан учраас компаниа дүүдээ хариуцуулан үлдээж байжээ.

Улмаар 2005 онд үйлдвэрийн эзэн нас барахад түүний дүү З.Мөнхтуяа, нөхөр Г.Мөнхнайрамдал нар талийгаачийн бүх бичиг баримтыг устган Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтан О.Амартуяатай хамтран хууль бус бичиг баримт үйлдэн компанийг өөрсдийн гарт оруулж чадсан байна.

Тэдэнд өмчөө алдсаны дараа талийгаачийн гэр бүл 2006 онд Дархан-Уул аймгийн шүүхэд хандсан бөгөөд шүүхээс хууль ёсны өмчлөгч нь талийгаачийн гэр бүл хэмээн тогтоосон аж. Гэтэл 2010 онд З.Мөнхтуяа нар гэнэт хуурамч гарын үсэг, тамга тэмдэг бүхий тушаал гаргаж ирснээр гурван шатны шүүх Г.Мөнхнайрамдалд хөрөнгийг шилжүүлжээ. 

 

З.Мөнхбат агсны охин М.Шинэ-Од:

-Хуурамч бичиг баримт ашиглан залилан хийсэн Г.Мөнхнайрамдал нарыг өнөөдрийг хүртэл хууль хяналтынхан шалгаж өгөхгүй байна. Бид цөхрөнгөө бараад Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавт удаа дараа хүсэлт гаргаад ч уулзаж чадаагүй. Тиймээс биднийг хүлээн авч уулзахыг Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжаваас хүсч байна. Улсын ерөнхий прокурорт энэ хэргийн талаар үнэн зөв мэдээлэл огт хүрээгүй. Энэ бүх хууль бус үйлдлээс болоод бид маш их хэмжээний төлбөрт унаад байна. Тодруулбал, бид хувийнхаа өмчийг хууль ёсны дагуу худалдсаныхаа төлөө өрөнд орсон төдийгүй биднээс худалдаж авсан олон хүн хохироод байна.

Ийнхүү худалдан авсан, худалдсан хоёр тал хохирч харин хууль хяналтын байгууллагынхныг өөрсдийн талдаа ашиглаж чаддаг, хуурамч бичиг баримт ашигласан З.Мөнхтуяа Г.Мөнхнайрамдал нар завшаад байх нь ардчилсан нийгэмд байж болох үзэгдэл мөн үү?

 

Эх сурвалж: Улаанбаатар таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top