Холливудын алдарт жүжигчин Элизабет Тейлор 79 насандаа Лос-Анжелес хотын Садарс-Синай эмнэлэгт зүрхний шигдээс өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Түүний уран бүтээл төдийгүй хувийн амьдрал нь бүхэлдээ хэвлэлийнхний анхаарлын төвд байсаар ирсэн юм. Оскарыг хоёр ч удаа хүртэж байсан тэрээр есөн насандаа кино урлагт хөл тавьсан бөгөөд анхны кино нь “There’s One Born Every Minute”/Хором бүрт нэг хүн төрдөг/ аж. 1961 онд сая ам.доллараар “Клеопатра” кинонд тоглосноор өндөр өртгөөр тоглосон дэлхийн хамгийн анхны эмэгтэй жүжигчин болсон гэдэг. Гоо үзэсгэлэнгээрээ эрчүүдийн төдийгүй эмэгтэйчүүдийн нүдийг булааж байсан тэрбээр амьдралынхаа туршид найман удаа гэрлэсэн билээ. Эхнэртэй эрчүүдийг гурван ч удаа булаан авч байсан тэрээр зөвхөн өвчний улмаас 40 удаа хагалгаанд орж байв. ХХ зууны үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэгээр зайлшгүй тооцогддог Элизабет Тейлор нэг хэсэг архинд орж, хар тамхинд донтох болсон нь Их Британийн жүжигчин Ричард Бартонтой холбоотой гэлцдэг. Тэр хоёрын амьдрал арван жил үргэлжилэх хугацаанд хосууд хоёр удаа гэрлэж, хоёр ч удаа салсан удаатай. Тэрээр хоёр хүү, хоёр охинтой байсан ажээ.
Д.Сэндэр Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )