Дахиад шударга бус хуультай болвол 2012 оны сонгуульд хүмүүс оролцохгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 29


Сонгууль ойртож байна. Ердөө л жил гаруйн хугацаа үлдлээ. Дөрвөн жилийн давтамж гэдэг их богино юм. Төрөө барих ганцхан хормыг хүмүүс тэсэн ядан хүлээж байна. Хүлээхэд хоног өдөр өнгөрч өгөхгүй хэцүү аж. 2008 оны 7 сарын 1-ний лайтай, уйтай, аймшигтай шөнийн явдлыг дахин давтахгүй, олигархижсан төргүй байх юмсан  гэж тархиа гашилгах хүн олширсон тул ийм хүлээлт үүсчээ. Тавын таван хүний амийг зольсон төр засгийнханд хүмүүс дургүй болсон нь илт байна. Тиймээс урьдынх шигээ ходоодоороо бус эх оронч сэтгэл зүрхээрээ сонгуульд санал өгөхийг хүсэгчдийн эгнээ улам тэлжээ. Сонгуулийн хууль болон бусад хуулиудаа жинхэнэ хууль шиг болгочих юмсан гэж тэд санаа зовинож байна. Тунис, Ливи зэрэг олон оронд мулгуу эрх баригчдаа эсэргүүцэн тэмцэж эхэлсэн нь монголчуудад бага боловч нөлөөлж байгаа бололтой. Сүүлийн үед улс төрийн бохир заваан болгоныг жирийн иргэд тэвчихээ больж байна. Улс төрөөр хувийн бизнес, хүсэл шуналаа гүйцээхийн төлөө харь орныхонтой баялгаа хувааж, худалдаад дуусах гэж байгаа олигархиудыг сонгуулиар л нэгмөсөн зайлуулах боломжтой гэдгийг ухаарч буй аж. 2008 оны УИХ-ын сонгууль хууль эрх зүйн талаасаа юун түрүүнд өнөөгийн эрх баригчдын хувийн таашаалд яв цав таарч тохирсон байж. Тохируулах ч гэж МАН, АН аль аль нь хичээнгүйлэн зүтгэсэн байна. Иргэдийн саналыг будлиулахад сонгуулийн төв байгууллага хамгийн их нөлөөлж чадах хуультай тул энэ хоёр том нам өөр өөрсдийн гишүүдээ тэнд зоож өгсөн байлаа. Сонгуулийн Ерөнхий хороо гэх энэ байгууллага үндсэндээ төр, ард түмэнд биш гагцхүү намдаа л үйлчлэхээр хуульчлагдсан байв. Тус хорооны 9 хүний 7 нь МАН буюу хуучин МАХН-ынхан байсан юм. Дарга нь Баттулга гэж тун сонин, эрүүл өвчтэй нь үл мэдэгдэх нөхөр сонгуулийн өмнөхөн хогийн мэдээлэл хэдэнтээ хийж байжээ. Иргэний үнэмлэхтэй л бол тухайн орон нутагтаа амьдардаг эсэх хамаагүй саналаа өгч болно гэсэн нь будлианыг улам хүчтэй болгосон байна. Иргэний үнэмлэхийг олшруулдаг “машин” МАН-ын “хор найруулагч”-дын хяналтанд байсан юм. Тиймээс нэг хүн хэдэн ч үнэмлэх хийлгэж аваад хуруунд дээрх тэмдэглээг хусч арилган санал өгч болж байлаа. Түүнээс гадна сонгуулийн хэсгийн хорооны гишүүдийн ихэнх нь МАН-ынхан тул санал тоолохдоо ёстой алж өгсөн. Батзандан гэдэг нэр дугуйлсан хуудсыг Батбаяр хэмээн тоолоод л тавиад байжээ. Иймэрхүү луйврын олон аргыг МАН голцуу зохион байгуулсныг өдгөө хүмүүс адал явдлын зохиол хүүрнэж буй мэт хоорондоо сонин болгож хуучилцгаана. Сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж тараахыг хориглож, энэ жагсаалтыг бүрдүүлж баталгаажуулах хугацааг 15 хоног байхаар хуульчилсан нь иргэний хяналтгүй байлгах гэсэн дарга нарын далд санаа байв.  Ерөөсөө сонгуулийн үйл явцыг бүхэлд нь хянах боломж туйлын хязгаарлагдмал байсан нь луйврыг гааруулсан юм. Түүнээс биш одоо маргалдаад байгаа пропорционал, можеритари системдээ ч нэг их асуудлын гол нь байгаагүй. Яахав, сонгуулийн пропорциональ тоглолцоо давамгайлсан бол 7 сарын 1-нийх шиг үймээн самуундаа тулахгүй байж болох л байсан байх. Ийм тогтоолцоонд сайн тал олон бий. Можаритор систем бол манайх шиг төвлөрсөн хөрөнгө муутай оронд дэндүү үрэлгэн тогтолцоо юм. Ийм тогтолцоог АН тухайн үед өөрчлөхийг хүсэхгүй байлаа. МАН ялагдлаас үхтэлээ айгаад энэ системийг бушуухан солихын төлөө махран зүтгэсээр эрэмдэг зэрэмдэг хууль болгож хувиргажээ. Ялангуяа нэр дэвшигч, намуудын амлалт, санал худалдан авах зэргийг хуулиар нарийн хязгаарлаж, хориглож өгөөгүй нь өнгөрсөн сонгуулиудыг жинхэнэ хярамцаг болгож орхисон. Сүүлийн хориод жилд болсон бүх сонгуулийг хараад байхад хууль эрх зүйн талаасаа заавал эрх барьж буй намд илүү ашигтай байхаар зохицуулагдсан байлаа. МАН-ын дарга асан С.Баяр энэ бүх хуулийн цоорхойг яаж хийх, яаж ашиглахаа сайн мэддэг, угаасаа ийм хар луйврын аргад гаршсан болохоор бардам гэгч нь “Манай нам сонгуульд заавал ялна” хэмээн мэдэгдэж  байлаа. Зарим долигонуур сонинууд түүнийг “Сонгуулийн шилдэг менежер” энээ тэрээ гээд магтах үгээ олж ядан байсныг та лав санаж байгаа байх. 2008 оны УИХ-ын сонгууль болохоос өмнө 6 сар гаруйхны өмнө арай ядан өөрчилсөн хууль нь сонгуулийн ардчиллын элеменүүдийн 70 гаруй хувийг хаалттай болгосон байна. Хаалттай хөшигний ард юу ч хийж болдог. Муу зүйл болвол ард түмэн босохоос аргагүйд хүрдэг. Тиймээс Э.Бат-Үүл 2008 оны сонгуулиас бараг жилийн өмнө нэгэн сонинд “2006 оны сонгууль” гэсэн ёстой муу ёрын гэмээр өгүүллээ нийтлүүлсэн байлаа. Монголд ардчилал бүрэн хумигдах нөхцөл хэрхэн бүрдэж буйг мань хүн өөрийнхөө муу ёрын зүүдээр илэрхийлээд “Эрх баригчдын булхай луйвар бүхэн эцсийн дүнд иргэдийг аймшигт байдал руу уруу татна. Ийм муу зүйл авчирсан сонгууль бүү болоосой” гэж өгүүллээ төгсгөсөнд олон хүн дургүйцэж байсан юм. Сонгуулийн маргааш яг л түүний хэлж байснаар болсон. Галтан шатаалт, аллагыг зохион байгуулсан цаад эзэд түрүүчээсээ тодорч буй хэдий ч УИХ үүнд бодитой дүгнэлт хийсэнгүй. Дахиад 2008 оных шигээ балай сонгууль зарлахад бэлэн бололтой. УИХ-д өргөн барьсан сонгуулийн хуулийн гурван төсөл бий. Эдгээрээс томсгосон тойрог бүхий пропорциональ системийг сонгох дээр санаа нэгдэх төлөвтэй байна. Гэхдээ хамгийн гол зүйл бол сонгуулийн үйл явц бүхэн шударга, ил тод байх зарчим дээр МАН, АН аль аль нь хулхидаад С.Баярын гаршсан аргуудаас цоорхой гарган үлдээж мэднэ. Ингээд Ц.Нямдорж түрүүчийн сонгуулийн хуулийг хөнжил дотроо зассан шиг юм болвол 2012 оны сонгуульд иргэд маань оролцохгүй байх аа.      
Б.Отгонбаяр   Zindaa.mn                                                                  
                                                                      
                                                                     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top