“Интерфакс” агентлаг мэдээлснээр амьд үлдээд эрэн сурвалжлагдаж байсан нэг хилчин өчигдөр өөрөө хэргийн газарт хүрч иржээ. Тэрээр энгийн хувцастай, гартаа буу бариад ухаан санаа нь хэвийн биш байдалтай ирсэн хэмээн эх сурвалж мэдээлсэн байна. Уг хилчин нь хэд хоног ууланд нуугдаж байгаад ирсэн хэмээн мэдүүлжээ.
Казахстаны зүүн өмнөд хил дээр оршдог «Арканкерген» застав дээр гарсан эмгэнэлт явдлын үеэр 14 хилчин, зэргэлдээ амьдардаг ойн ажилтны хамт шатсан билээ. Энэхүү застав нь зуны улиралд Хятад иргэд эмийн ургамал түүхээр хил нэвтрэхээс сэргийлэн 15 хилчний бүрэлдэхүүнтэй улирлын чанартай ажилладаг байсан аж.
Уг хэрэг ойролцоогоор тавдугаар сарын 28-ны шөнө үйлдэгдсэн ба графикт хугацаандаа холбоо барихгүй байхаар нь хүрч очин хоёр хоногийн дараа мэдсэн байна.
Хэргийн газарт үзлэг хийх үеэр нэг хилчний цогцос дутуу байгааг мэдсэн хэдий ч амьд үлдсэн гэдэгт нь итгэхгүй байцгаасан байна. Одоогоор түүнээс байцаалт авч байгаа бөгөөд цагдаагийн зүгээс тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )