Дуучин Шерил Кроу тархины хавдар тусчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 07

 Сүүлийн үед гадаадын хэд хэдэн поп одууд тархи толгойтой холбоотой асуудалд ороод байгаа бөгөөд америк дуучин бүсгүй Шерил Кроуд эмч нар тархины хавдар гэсэн онош тавьжээ.

Өөрийн энэхүү өвчний талаар 50 настай дуучин маань саяхны нэгэн тоглолт дээрээ шүтэн бишрэгчиддээ мэдэгдсэн ба хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгсөн байна. Тэрээр өнгөрөгч арваннэгдүгээр сараас эхний шинж тэмдгүүд илрэн, үе үе ой санамжаа алдах болжээ. Тайзан дээр дуулж байх үедээ Soak Up the Sun дууныхаа үгийг мартсан тохиолдол хүртэл гарчээ.

Шерил Кроу өөрийн сонсогчдоо тайвшруулахын тулд “Энэ бол зам дээр байгаа өчүүхэн шавар төдий зүйл, сандрах юм огтхон ч байхгүй. Шерил Кроуг юу ч зогсоож дийлэхгүй. Тэгээд ч би одоо 50 настай хүн, их мундаг тархиар юугаа хийх билээ” хэмээн хошигнон өгүүлсэн байна. Тэрээр хэдэн жилийн өмнө хөхний хорт хавдраар өвчилсөн боловч амжилттай давж чаджээ.

Тавдугаар сарын эхээр эрчүүдэд зориулсан FHM сэтгүүлээс явуулсан санал асуулгаар дэлхийн хамгийн дур булаам 100 бүсгүйн жагсаалтад дуучны нэр орсон байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top