Владивосток хотын клиникийн 2-р эмнэлгийн ажилтан бүсгүй эмчилгээ хийлгэж байсан өвчтнөө барокамер буюу хүчилтөрөгчөөр дэмжих төхөөрөмжид мартан 12 цагийн дараа гаргаж авчээ. Энэ талаар тус эмнэлгийн ерөнхий эмч Вячеслав Глушко мэдээллээ хэмээн ИТАР-ТАСС өгүүлжээ.
Энэ явдал зүрх судасны хагалгаа хийлгэсэн 74 настай өвөөд тохиолдсон аж. Тэрээр тухайн өдрийн хамгийн сүүлчийн эмчлүүлэгч байсан ба бүсгүй түүнд эмчилгээ хийхээр төхөөрөмж рүү хийгээд байж байтал утас дуугарч нөхөрт нь таагүй явдал тохиолдсныг дуулгасан байна. Ингээд эмнэлгийн ажилтан бүсгүй ум хумгүй сандран гарч гүйхдээ өвчтнөө мартчихсан ажээ.
“Намайг дараагийн өдөр нь гаргавал 19 цаг болох нь гээд түгжээтэй орчинд эргэж хөдөлж болохгүй зөвхөн нуруугаараа дээш харж хэвтэн зовж байтал 7 цагаар эрт гаргах аз таарсанд хувь заяандаа талархаж байна” хэмээн өвөө ярьжээ.
Энэхүү явдлын дараа тухайн ажилтан шууд халагдсан ба сэтгэл хөдлөлөө хянаж чаддаггүй мэргэжилтэн эмнэлэгт ажиллах ёсгүй хэмээн дарга нь үзсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )