Америкийн “Харрис”-ын хэмээх нийгмийн сэтгэл судлалын төвөөс АНУ-д оршин суугаа иргэдийн дунд ээлжит нэгэн судалгааг явуулжээ. Гэхдээ энэ удаад сэтгэл судлаачдын анхаарлыг үзэгчид хэдэн ч удаа үзээд уйдахааргүй тэрхүү шилдэг кинонуудын талаарх сэтгэгдлүүд ихэд татсан байна. Ингээд үзэгчдийн саналд зүй ёсоор нийцнэ гэсэн хэдэн арван киноны жагсаалтыг гарган тэдгээрээс чухам аль нь бүх л цаг үеийнхээ хамгийн шилдэг бүтээл болохыг тодруулсан ажээ. Өмнө нь иймэрхүү төрлийн рейтинг-шалгаруулалт явагдаж байсан хэдий ч энэ удаагийн судалгаа бүрэн шинэчлэгдсэн байдлаар гарна гэдэгт мэргэжлийн багийнхан итгэлтэй байсан гэнэ. Ингэхдээ нийгмийн санал асуулгын хариултын дийлэнх нь “Оскар”-ын шүүгчдийн анхаарлыг татаж байсан “блокбастер” бүтээлүүд олон тооны санал авч байгааг анзаарчээ.
Ойролцоогоор нэг сар орчим үргэлжилсэн санал асуулгын дүнд эхний байранд Виктор Флемингийн найруулсан “Салхинд туугдагсад” /1939/ хэмээх хоёр ангит, түүхэн сэдэвт, Холливудын сонгодог бүтээл шалгарсан байна. Маргарет Митчеллийн зохиолоор сэдэвлэн бүтээсэн уг кинонд Вивьен Ли, Кларк Гейбл нар тоглосон бөгөөд хайр дурлалын хүчтэй илрэл болон дайны аймшигт дүр зургийг харуулж чадсанаараа энэ кино дэлхийн олон сая хүмүүсийн бишрэл, хүндлэлийг хүлээсэн бүтээл болж чадсан гэж үздэг. Америкчуудын үзэж байгаагаар тэд үндэснийхээ кино урлагийн түүхийг энэ бүтээлгүйгээр төсөөлж чадахгүй бөгөөд хэнбугай нь ч гэсэн заавал үзвэл зохих кино мөн хэмээн ийнхүү санал нэгтээ шилдгийн шилдгээр шалгаруулсан байна.
Дэлхийн II дайн эхлэхийн өмнө буюу 1940 онд энэ бүтээл Америкийн кино академийн шагнал гардуулах ёслолын хамгийн дээд амжилтыг тогтоогоод байсан бөгөөд нийтдээ найман “Оскар” тэр домогт киног бүтээгчдийн гар дээр очоод байв. Тэдгээр шагналын нэгийг нь асрагч ээжийн дүрд тоглосон Хетти Макдэниел хүртсэн нь нэг талаасаа хар нийгмийн доод түвшинд үзэгдэж байсан хар арьстан жүжигчдийг анх удаа ийнхүү өндрөөр үнэлсэн явдалд тооцогдсон билээ.
Харин бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны жагсаалтын хоёрт зөгнөлт, кино-эполей болох “Оддын дайн” бичигдсэн байна. Энд нэг зүйлийг хэлэхэд, үзэгчдийн зүрх сэтгэлийг татаж чадсан гэх шилдэг бүтээлд олон ангит цуврал кино оруулахгүй гэсэн хатуу бодлогыг судалгааны төв баримтлаагүй тул санал асуулганд оролцогчдод энэ киног шилдэгт нэрлэх боломж олдсон гэнэ. Гэхдээ энэ цувралын ангиудыг нэг нэгээр нь салгасан ч жагсаалтанд дээгүүрт бичигдэх байсан хэмээн зохион байгуулагчид үзжээ.
1942 онд дайны ид ширүүн эхэн үеэр хийгдсэн “Касабланка” кино удаах байранд оржээ. Хамфри Богарт, Ингрид Бергман нарын тоглосон энэхүү мелодрам нь дайны хатуу, ширүүн цаг үеийн залуусын үнэнч хайр дурлалыг бодит үйл явдал дээр тулгуурлан харуулж чадсанаараа кино урлагийн түүхэн дэх бас нэгэн үнэт бүтээл болсон билээ. Энэ ч утгаараа 1944 онд “Касабланка” нь шилдэг найруулагч /Майкл Кертиц/, шилдэг кино зохиол /Жулиус Эпштэйн, Ховард Коч/ гэсэн төрлөөр “Оскар” хүртэж байлаа.
Тэгвэл дөрөвт нь сүүлийн хэдэн жилд “Оскар”-ын хурыг өөртөө буулгасан “Бөгжний эзэн” шалгарна гэдгийг үзэгчид болон сэтгэл зүйчид бараг урьдчилан мэдэж байсан гэхэд болно. Энэ киноны гаргаж тавьсан өвөрмөц, хэн хэзээ ч харж сэтгэж байгаагүй дүрийн болон үйл явдлын санаа, шийдэл зэрэг нь цаг үе болгондоо дэлхийн сая сая хүмүүнийг алмайруулж байсан билээ. Жинхэнэ компьютер графикийн хамгийн сүүлийн үеийн дэвшлийг энэ бүтээлээс үзэж болно.
Айргийн тавд XXth Century Fox кино компанийн бүтээл болох “Хөгжмийн эгшиг” /1965/ кино-мюзикл бичигдсэн байна. Гол дүрийг нь Жулиа Эндрюс /”Мария”/ болон Кристофер Пламмер /”ахмад фон Трапп”/ нар бүтээсэн. Энэ мюзикл нь Ричард Рожерс, Оскар Хаммерстайн мөн Хауард Лидсей нарын алдарт Бродвейн шоуны санаан дээр тулгуурлан бүтээгдсэн бөгөөд шилдэг кино, шилдэг найруулагч, хөгжмийн найруулга, эвлүүлэг гэсэн төрлөөр “Оскар” хүртэн, хоёр ч “Алтан бөмбөрцөг”-ийг эздэдээ авчирсан гайхамшигт бүтээл билээ.
Зургаад нь Warner Bros. болон Metro Goldwyn Mayer-ын хамтын бүтээл болох “Оз. улсын шидтэн” /1939/ хэмээх сонгодог бүтээл шалгарчээ. Кино нь шилдэг хөгжмийн зохиол /Герберт Срозарт/ мөн шилдэг дуу /ая.Г.Арлена, үг.Э.Харбург/ гэсэн төрлөөр “Оскар”-ын эзэн болж байсан. Найруулагчаар нь хүүхэд багачуудын болон тэдний эцэг эхийн хамгийн хайртай эрхэм болох Виктор Флемминг /”Салхинд туугдасгсад”/ ажиллаж өөрийнхөө мэргэжлийн ур чадварыг дахин дэлхийн олон арван сая үзэгчдэд харуулсан юм.
Санал асуулганд оролцогчид 2004 онд дэлгэцнээ гарсан “Дурсамжийн өдрийн тэмдэглэл” киног долоод бичүүлсэн байна. Ник Кассаветесагийн найруулсан энэ кино нь мөн л өнгөрсөн зууны 1940-өөд оны эх орны дайны үеийн хайр дурлалын тухай өгүүлнэ. Харин наймд залуу Том Хэнкс тоглон Роберт Земекисийн найруулсан “Ойн мангуу” /1994/ орсон байна. Тухайн үед киноны гол дүрд тоглохоор жүжигчин Билл Мюррей Томтой хүчтэй өрсөлдөж байсан гэдэг.
Warner Bros. компани Уинстон Грумын “Ойн мангуу” гэсэн зохиолоор сэдэвлэн бүтээх энэхүү киногоо бүр 1988 онд хийх байсан ч татгалзсан шийд гаргаж байлаа. Учир нь тухайн үед Барри Левинсоны сэтгэл зүйн драм болох “Борооны хүн” /1988/ кино маш их нэр алдарт хүрч байсан тул энэ киног араас нь гаргах нь ашиг орлого олохгүй хэмээн үзсэн байна. Ингээд тэр цагаас хойш бүтэн долоон жилийн дараа “Ойн мангуу” дэлгэцнээ гарснаар 1995 ондоо шилдэг кино, шилдэг эрэгтэй гол дүр, найруулагч, эвлүүлэг, визуаль эффект гэсэн төрлөөр “Оскар” хүртжээ. Түүнчлэн “Алтан бөмбөрцөг”-ийн шагналыг гурван номинациар авсан билээ.
Ес болон 10-т “Сүйт бүсгүй-Гүнж” болон Фрэнсис Форд Копполагийн алдарт “Загалмайлсан эцэг” гэсэн бүтээлүүд бичигдсэн ажээ. Хамгийн сүүлд буюу 1999 онд энэхүү судалгааны төвөөс явуулсан санал асуулганд эхний хоёрт бичигдэж байсан “Загалмайлсан эцэг” энэ удаа рейтинг нь доошилсон ч ямар ч байсан эхний аравт зүй ёсоор тооцогджээ.
Slava
Сэтгэгдэл ( 0 )