Америкийн “Кока Кола”, “Мак Доналдс” компаниудыг Боливийн Гадаад хэргийн сайд Давид Чокенхуанка хаах шийдвэр гаргасан талаар Телесур суваг мэдээллээ. Өмнөд Америкт орших тус улсын Засгийн газар ирэх 12 дугаар сард 21-нээс “Кока кола” компанийн үйл ажиллагааг үндэсний газар нутгийн хэмжээнд зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн сүлжээ рестораныг ч эдийн засгийн улмаас хааж байгаа аж. Боливийн гаргасан энэхүү шийдвэр нь майягийн хуанлитай төгс зохицож байгаа юм. Зурхай ёсоор оддын байрлал солигдож байгаа нь капитализмын эрин өндөрлөж, коммунын эрин эхэлж буйг зааж байгаа. Тиймээс “Кока кола”-тай хамтаар энэ эринг дуусгавар болгож байгааг уг шийдвэрээрээ тунхаглаж байна хэмээн сайд тэмдэглэжээ. Мөн кола ундааны эрин үе дуусч мокочинче буюу тоор жимсний шүүсээр хийсэн ундааны эхлэл тавигдах гэнэ. Болив улс “кока кола” хийжүүлсэн ундаа нь эрүүл мэндэд муугаар нөлөөлж, зүрхний шигдээс, хавдрын өвчлөлийн шалтгаан болж байна хэмээн үзжээ. Түүнчлэн тус улс “Мак Доналдс” түргэн хоолны сүлжээгүй Латин Америкийн хоёр дахь улс болох юм.
Сэтгэгдэл ( 0 )