Та ядарч байна уу? Маш их ажлын ард гарсны дараа стрессээ зөв тайлах нь хамгийн чухал. Аялах дуртай хумүүсийн сонорт хамгийн сайхан байгаль, цаг ууртай таван арлыг "Еnjоу" сэтгүүл нэрлэж байна. Зарим хүн тайван, амгалан газрыг илүүд үздэг байхад үлдсэн хэсэг нь хөгжилтэй, дуу шуугиантай орчныг зорих дуртай. Доор дурдсан газрууд нам гүм, олон бужигнасан гээд аль алийг агуулсан онцлогтой.
1. Тулум арал
Мексик бол үзэсгэлэнт хот, арлаараа нэгэнт шагшигддаг нь мянга мянган жилийн тэртээгээс үүдэлтэй үзэсгэлэнт байгальтай холбоотой, Хэрвээ та археологи, геологид сонирхолтой бол энд таныг эртний дурсгалт үзмэртэй холбоотой адал явдлууд хүлээж байна. Нүдэнд харагдах байдал диваажинд буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Гол онцлог нь ямар ч насныханд зориулсан онцгой хөтөлбөртэй байдгаараа алдартай.
2. Санторинигийн улаан арал
Хамгийн сэтгэл татаж, нүд хужирлах газар бол Грекийн Акротирид орших Санторини улаан арал. Улаан гэсний учир нь эргийн дагуух элсний өнгө улаан шаргал байдагт оршино. Эргийн тодорхой хэсгийг завиар туулах боломжтой ба ердөө арван минут үргэлжилдэг. Адал явдалд сонирхолтой, эрэлхэг зоригтой хүмүүс арлын хойд хэсэгт байрлах агуй руу орж нэгэн нууцыг олж харах боломжтой.
3. Өмнөд арал
Флорида мужийн Миамид орших энэ аралд очсон хүн эргэж заавал ирдэг гэсэн яриа бий. Шөнийн цагаар маш үзэсгэлэнтэй харагдах ба одод газар бууж ирсэн мэт сэтгэгдэл төрүүлэхүйц гайхамшигт байгальтай учраас оройн цагаар авьяаслаг бүжигчид цуглаж элдэв наадам зохиох нь цөөнгүй. Хэрвээ та чимээ аниргүй орчноос залхаж эхлээд буй бол Миамиг зориорой.
4. Цагаан арал
Далайн эргийн уур амьсгал ихэвчлэн маш бүгчим халуун байдаг бол энд байдал эсрэгээрээ. Хэдэн мянган жилийн турш тогтсон цагаан элсээр бүтэх байгалийн энэ тогтоц хамгийн том давуу тал нь. Филиппин маш халуун бүгчим уур амьсгалтай байдаг учраас зургаагаас есдүгээр сард аялахаар сонговол хамгийн тохиромжтой. Яг энэ үед бороо шивэрч, сэвэлзүүр салхитай байдаг нь хамгийн тааламжтай уур амьсгалыг бий болгоно. Энд алжаалаа тайлсан хүмүүс "Хамгийн эхэнд төрсөн мэдрэмж бол орчлонгоос тасарсан мэт эрх чөлөө" хэмээн хариулдаг.
5. Ла Романа арал
Дэлхийд байгалийн сайхан, анир чимээгүй байдлаараа нэрд гараад буй далайн эрэг бол Доминикан улсын Ла Романа арал юм. Хүний гар хүрээгүй онгон байгаль, үзэмж төгс энэ аралд амрагчдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр. Далайн эргийн ойролцоох хэсэгт маш тансаг зоогийн газраас хамгийн олон үзэгч хичээллэгчтэй спорт болох гольфийн талбайг харах боломжтой. Түүнчлэн, массажаар жуулчдыг татдаг энэ арал найрсаг үйлчилгээгээрээ алдартай.
Сэтгэгдэл ( 0 )