Рецензи: -“КИНО” ГЭЭД БАЙГАА ТЭР НОВШОО ХОЛ АВААЧИЖ ХАЯ, ТА НАР…

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 10

“Рецензи” үргэлжилж байна… Кино урлаг, түүний шилдэг бүтээлүүдийн тухай юм. Гэхдээ энэ салбарт уран бүтээл хийж байгаа манай “том том” киномэйкерүүд доорх бүтээлүүдийг дахин нэг эргэн санаасай, үзээгүй нэгэн нь олоод нэг үзчихээсэй, ухаантай бүтээл гаргаасай, үзэгч болоод ард олныг бүү басамжлаасай гэсэн санааг энд агуулсан болно. Харин зарим нэгэн бүтээл болон түүний эзнийг шүүмжилж, нэр хүндэд нь халдахыг энэ удаад зорьсонгүй. Ер нь ч тэгээд манай үзэгч, уншигчид сайн мэднэ дээ, хэн нь хэн бэ гэдгийг…  Ингээд…

Францчууд “кино” хэмээх аугаа урлагийг бодож олсноос хойш бүтэн зуун өнгөрчээ. Гэвч тэд өөрсдийнхөө нээлтийг удаан өмчилж чадаагүй юм. Бүх урлагийн дотроос хамгийн шилдэгт нь тооцогддог киног дэлгэцэнд гарсан цагаас нь хүн төрөлхтөн хувааж өмчлөх хувь тавилантай байжээ. Дэлхийн нэгдүгээр дайны дараа кино урлаг шинэ эрин үетэйгээ золгосон байна. Ленинээр удирдуулж хийсэн хувьсгалаар большивекүүд засгийн эрхэнд гарснаар эрүүл саруул сэтгэлгээний ноён оргил хэмээгдэж байсан кино урлаг үзэл суртлын томоохон зэвсэг болон хувирсан юм. Гэхдээ энэ байдал нь дэлхий дахинд нэр алдраа цуурайтуулсан суутнууд төрөн гарахад огт саад болоогүй юм. Энэ ч утгаараа дэлхийн шилдэг бүтээлүүд болох сүүдэр ший энэ урлагийг сонирхдог болог сонирхдоггүй бүх хүний оюун ухаанд хэзээний танил болж байв. Тиймээс “Рецензи” энэ удаад зөвхөн “шилдэг” гэсэн тодотголтой бүтээлүүдээс уншигч танд сорчлон танилцуулахаар бэлдлээ.

Орос-Зөвлөлтийн киночдыг дэлхийд өндрөөр үнэлдэг. Энэ ч утгаараа дэлхийн хоёр дайны хоорондох зурвас үед АНУ, Герман, ЗХУ гэсэн гурван том гүрэн л кино урлагийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж байлаа.

“Хуягт Потёмкин”. 1917 оны хувьсгалын дараахан мэндэлсэн энэ киног араасаа олон арван шавь төрүүлсэн алдарт Сергей Эйзенштейн эх барьж авчээ. Хаант засгийг эсэргүүцэн “Потёмкин” нэртэй аварга том хөлөг онгоцонд дэгдсэн усан цэргүүдийн бослогыг харуулсан уг кино үзэл суртлын томоохон тэсрэлтүүдийн нэг байсан боловч дэлхийн киноны үе үеийн шилдгүүдийн агуу хамгийн агуу бүтээл гэж санал нэгтэй хүлээн зөвшөөрүүлж чадсан гайхалтай эд. Ингэж магтах болсон нэг шалтгаан нь киноны төгсгөлийн кадр болгон дээр гардаг улаан тугийг найруулагч өөрийн гараар улаан өнгө оруулж будсанд байгаа юм. Нью-Йорк хотод байдаг нэгэн кино театр 1925 оноос хойш зөвхөн “Хуяг  Потёмкин”-ийг дагнан гаргаж байсан гэж бодохоор энэ кино ямар хэмжээний бүтээл байсан нь ойлгомжтой.

Ер нь бол дэлхийн киног Холливудын ба бусад кино гэж хоёр хуваадаг гэх. Америкийн киноны аварга машин Холливуд бий болсон цагаасаа эхлээд энэ салбартаа өөрийн ноёрхлыг тогтоосон гэж болно. Жорж Лукас, Жэймс Камерон, Квентин Тарантино зэрэг нэрүүдийг манай кино сонирхогчид андахгүй. Бараг заримд нь хамаатан, танил нь мэт болчихсон. Тэдгээрийн хүчээр ч Холливуд шилдэгт тооцогдох олон мянган бүтээл үйлдвэрлэсэн. Америкчуудын түүхэнд хар толбо үлдээсэн үйл явдал бол Вьетнамын дайн. Энэ дайн бараг дуусч амжаагүй байхад Вьетнамын сэдэвтэй анхны кино дэлгэцнээ гарч байлаа.

“Форрест Гамп” /Forrest Gump/. Жар далаад оны Америк орон. Дайнаас болж эдийн засаг нь сульдаж доройтсон, нийгэм бүхэлдээ сэтгэл санааны хямралд орсон, газар сайгүй дайны эсрэг хөдөлгөөн өрнөж, үүнийг дагаад хөгжим, уран зохиолд ч шинэ урсгалууд төрөн гарч ирсэн үе байлаа. Энэ бүхнийг найруулагч Роберт Земекис Форрест Гамп /”Ойн мангуу”/ гэсэн марзан эрийн дүрээр дамжуулан гайхалтай сайхан гаргаж тавьжээ. Вьетнамын ширэнгэнд даалгавар гүйцэтгэж явсан Америк цэргүүд дайсны отолтонд санамсаргүй орох үеэр байлдагч Форрест бөмбөгөнд өртөж хоёр хөлгүй болсон даргынхаа амийг аварч гардаг ч тахир дутуу болж, архинд орсон дарга нь түүнийг баатарлагаар амь үрэгдэж чадаагүйнхээ гол буруутан нь гэж үздэг. Харин хүний амь аварч, гавьяа байгуулсан Форрест улсынхаа ерөнхийлөгчөөс “Загалмай” одон гардаж авах үеэрээ өгзгөн дээрх шархаа өмдөө шувтлан харуулж буй инээдтэй үзэгдлээрээ Р.Земекис үзэгчдэд яг ямар санаа хэлэх гэснийг ойлгоход төвөгтэй. Энэ кинонд бас нэгэн гайхамшигтай хэсэг байдаг нь дайныг эсэргүүцэгчдийн цуглаан дээр гол дүрийн баатар маань үг хэлж байх үеэр чанга яригч ажиллагаагүй болдог ч тэр яриагаа үргэлжлүүлсээр дуусдаг. Гэтэл түүний яриаг гүйцэд сонсоогүй хэдий ч жагсагчид нижигнүүлэн алга таших жишээтэй. Найруулагч гол дүрд тоглуулахаар Холливудын од Том Хэнксийг сонгосон нь маш зөв шийдэл байсан юм. Энэ бүхний эцэст кино шүүмжлэгч, судлаачдаас өндөр үнэлгээ авч шилдэг 100 киноны жагсаалтанд хүртэл оржээ. Түүнчлэн дэлхийн киноны мөнхийн сэдвийн нэг бол түүхэн бүтээлүүд юм. Ромын Коллизейд гладиаторууд тулалдаж, үзэсгэлэнт Клеопатрад зоригт эр Цезарь дурлаж, цэрэг Райн Германы танкуудыг дэлбэлэхийг та үзсэн байх. Гэхдээ энэ удаад цэрэг дайныг түр орхиод түүхэн хүний бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн нэгэн киног онцлохоор шийдлээ.

“Төгс оюун ухаан” /Beautiful Mind/. Суут математикч Жон Нэшийн туулж өнгөрүүлсэн амьдралыг харуулсан энэхүү киног Ридлей Скот найруулжээ. Хэрэв таныг тусгай албаныхан сөрдөж мөшгөөд, эсвэл хэн нэгэн хүн салахгүй дагадаг бол яах вэ. Та дотны хүмүүстээ энэ тухай хэлж тусламж гуйхад тэдний хэн нь ч танд итгэхгүйгээр барахгүй галзуугийн эмнэлэгт хүргэж өгвөл хэчнээн хэцүү байхыг төсөөлөөд үзээрэй. Тэгвэл энэ бүх амьдралыг даван туулж гарсан тэр хүнийг баатар гэж болох уу. Киноны эхэн үед үзэгчид гол баатрын талд зогсдог бол дунд хэсгээс нь эхэлж туслах дүрүүдэд хамаг итгэл найдвараа хүлээлгэх болно. Дэлгэцэнд 2002 онд гарсан уг бүтээлийг судлаачид сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийг гутаан доромжилсон явдал хэмээн эсэргүүцсэн боловч дэлхийн шилдэг кинонуудын жагсаалтанд бичигдэж чадсан юм. Харин одоо үзэгчдээс сэтгэлгээний чадвар ихээхэн шаардсан сэтгэл зүйн бүтээлүүд дээр тогтож яръя. Стэйнли Кубрикийн “Доктор Стрэйнжлоу”, Альфред Хичкокийн “Псих” зэрэг киног хэр баргийн үзэгчид ойлгодоггүй гэдэг.

“Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг”. /Cuckoo’s nest/. Киноны хамгийн эхний кадр алсад сүүмийх уулс байдаг бол төгсөхдөө кино эхлэхэд галзуугийн эмнэлэгт хүргэгдэж ирсэн том биетэй залуу эмнэлгийн цонхыг эвдээд тэдгээр уулсыг зүглэн алхаж явснаар дуусдаг. Нийгмээс хүчээр тусгаарлан, ад үзэж байдаг сэтгэцийн өвчтөнүүд бол бидний нэгэн адил цэнгэг агаар амьсгалж, гүйж харайх эрхтэй эгэл жирийн хүмүүс. Төмөр тортой цонхны цаана хоригдсон тэдгээр хүмүүсээс илүү аюултай этгээдүүд бидний өдөр тутмын амьдралд байнга тааралддаг. Хүнийг нийгмийн амьдралаас тусгаарлахаас илүү эмгэнэлтэй, аймшигтай зүйл гэж байдаггүй. Үүнтэй би хэзээ ч эвлэрч чадахгүй гэсэн санаагаа Милош Форман ийнхүү хэлэхийг зорьжээ. 1975 онд хийсэн энэ бүтээлээрээ М.Форман тэр жилийн Оскарын шагналыг гол таван номинацаар хүртжээ.

Нэгэнтээ дэлхийн киног Холливуд ба бусад гэж хоёр хуваадаг учир АНУ-аас бусад орны кино урлагийн нэгэн том төлөөлөгчийн бүтээлээс сонирхуулъя. Энэ бол “Италийн марксист” гэгддэг Бернардо Бертолучи.

“Парисийн сүүлчийн танго” /Last tango in Paris/. Одоо болтол алдартай найруулагчид, жүжигчид энэ киноны утга учрыг ойлгодоггүй гэж ярьдаг. Энэ киногоороо их найруулагч чухам юуг хэлэх гэсэн нь одоо ч учир битүүлэг хэвээрээ. Киноны эхэнд хожим сая сая эрчүүдийн шүтээн болсон Брижит Бардо Парист байр хөлслөхөөр ирээд “ойлгомжгүй парадокс” болох Марлон Брандотой танилцсанаар бүх зүйл эхэлдэг. Сексийг анх удаа дэлгэцнээ илэн далангүй, ил тод харуулсан энэ кино тухайн үеийн урлаг судлаачдын нүдийг орой дээр нь гаргасан гэдэг. Тэр чинээгээрээ олон түмний шүүмжлэлийг найруулагч өөр дээрээ татсан. Ингээд эцэст нь Бертолучиг ХХ зууны кино урлагийн бурхадын нэг гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн билээ.

Одоо эргээд кино бизнесийг дангаараа өмчилдөг Холливудад анхаарлаа хандуулъя. Хүний ертөнц соёлжиж иргэншихтэй зэрэгцэн гарч ирсэн сөрөг үзэгдэл бол зохион байгуулалттай гэмт хэрэг буюу мафи. Яг энэ сэдвээр хангалттай олон бүтээл хийгдсэний дотроос хамгийн шилдгийг нь сонгон авлаа.

“Загалмайлсан эцэг”/The Godfather/. Фрэнсис Форд Копполад нэртэй продюссерууд нэгэн санал тавьсан ч найруулагч эрс татгалзжээ. Гэхдээ удалгүй тэрээр бодлоо өөрчилснөөр барахгүй хэдхэн жилийн дотор зартай дээрэмчний тухай цуврал гурван киног найруулжээ. Эхний анги дээр Нью-Йоркийн гэмт хэргийн бүлэглэлүүдийн тэмцэл болон хүн чанар, ёс суртахуунаа хараахан гээж амжаагүй залуу хүү Майкл эцгийнхээ ажлыг хэрхэн өвлөн авч, өөрийн гэр бүлийн бизнест оролцож байгааг үзүүлсэн бол хоёр дахь бүлэгт мафи хэнийг ч, тэгэхдээ бүр төрсөн ах дүүгээ хүртэл өршөөдөггүй болохыг, тэд ямар төрлийн ажиллагаа явуулдгийг дэлгэрэнгүй харуулсан байдаг. Төгсгөлийн киногоороо Коппола буруу замаар будаа тээж, их нүгэл үйлдсэн хүн сүүлдээ тэр бүхнийхээ хор хохирлыг гарцаагүй амсдаг, хүн насныхаа эцэст өнгөрүүлсэн амьдралаа заавал нэг эргэж хардаг учиртайг хөндөж тавьсан байдаг. Энэ анги дээр насаараа бохир ажил хийсэн Майкл сүмд очиж нүглээ наминчлахыг хүсч буй үйл явдал гарна. Сүүлийн зураглал нь өвгөн болсон загалмайлсан эцэг ганцаардмал, өрөвдөлтэй орчинд нас эцэслэж байгаагаар дуусдаг. Энэ кино үе үеийн хамгийн шилдэг киноны тэргүүлэгч хэвээр байгаа. Хамгийн гол нь киноны зохиол болоод илэн далангүй, бүх үнэнийг харуулсанд амжилтынх нь үндэс оршдог ажээ.

Кино мартагдсан түүхийг өгүүлнэ бас амьдралыг маань бидэнд харуулдаг. Кинонд хэчнээн хиймэл зүйл ажиглагддаг ч тэдгээр нь цаад санаагаараа та бидний амьдралын сайн муу, хар цагаан, сул хүчтэй, үнэн худлыг хэлж байдаг. Үүнээс ч бид суралцдаг, суралцсаар ч байх болно. Энэ удаагийн киног тойрсон “Рецензи”-г өндөрлөхдөө би кинонд дуртай, бүр түүнийг шүтэн биширдэг гэдгээ хэлмээр санагдлаа. Гэхдээ зарим “тэнэг” монгол киног бол үзэн яддагаа нуумааргүй байна. Манай тэдгээр киночин гэх “тэнэгүүд” өрөөлөөс ичдэггүй юмаа гэхэд өөрсдийгөө хараад нэгийг бодмоор цаг ирсэн л байлтай. Нөгөө сэтгүүлч маань дэлхийд гайхагдсан бүтээл бичиж байснаа яагаад өөрсдийнхөн рүүгээ үг чулуудаад унав гэж уншигч та гайхаж байгаа байх. Дуугай өнгөрчихье гэсэн ч даанч чадахгүй юм. Яагаад гэхээд өдрөөс өдөрт нэмэгдээд байгаа “кино” гэх тэр хэдэн эвлүүлсэн дүрс, зохимжгүй гол дүр, сонсохоос ч дургүй хүрэм дуу хоолой зэрэгт үзэгчид, сонсогчид, уншигч та ч гэсэн хууртаад байгааг бодохоор өөрийн эрхгүй уур буцлах юм, уцаар хүрэх юм. Та бид өнөөдөр дэлхийн тэрхүү сор болсон бүтээлүүдийг нүд баясган, бараг өөрсдөө ч дотор нь орон уйлах нь уйлж, инээх нь инээж, харуусдаа харуусч шимтэн үздэг мөртлөө яагаад тэр “тэнэгүүдийн” хулхи бүтээлд хууртаад байдаг байна аа. Ер нь тэр кино гээд байгааг хогоо хол аваачиж хая гээд хэлчихэд яадаг юм. Сайндаа л хэсэг хүн өөрсдийгөө хамгаалж хэдэн үгээр гоншигноно л биз… Үүнд л энэ удаагийн санаа оршиж байх шиг. Бухимдлаа үүгээр хазаарлая даа…  

Бэлтгэсэн Р.Слава

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Boom(202.126.90.47) 2021 оны 01 сарын 01

Hymdhan bichwer bna.\n

0  |  0
Top