1962.08.04-05-нд шилжих шөнө Америк орныг нэгэн таагүй мэдээлэл цочоосон нь жүжигчин бүсгүй Мерилин Монрогийн цогцсыг гэрээс нь олсон явдал байлаа. Тэгвэл тэр шөнө чухам юу болсон, түүний үхлийн шалтгаан нь юу байв гэх асуултыг бараг бүх хүн тавьж байлаа. Одоогоор түүний үхлийн шалтгааныг эмч нар тайвшруулах эм хэтрүүлэн хэрэглэсэн гэх тайлбар хүчин төгөлдөр байгаа билээ. Гэхдээ эмгэнэлт үхлээс хойш тун удаагүй байхад домогт бүсгүйн үхэлтэй холбоотой гэх хэд хэдэн таамаг бүхий мэдээлэл, баримт факт хэвлэлээр цацагдаж байсан юм. Ингээд тэдгээрээс үнэнд ойрхон гэх таван хувилбарыг танилцуулж байна.
Наркотик
Энэ нь түүний үхлийн дараах анхны таамаг. Мерилин үнэхээр сэтгэл санааны гүн хямралд ороод байсан. Иймээс тэр өдөр болгон шахуу сэтгэл зүйчид ханддаг, стрессээс гарах бүх талын зөвлөгөө, боломжийг эрж хайж байсан гэдэг. Тэрээр хүчтэй үйлчилгээ бүхий эмийн бэлдмэлийг бүр 18 настайгаасаа хэрэглэж байсан баримт байдаг. Ингээд нас барах өдөр хүртлээ тэдгээр эмнээсээ огт татгалзаагүй байжээ. Өглөө нь 1-2 ширхгийг, шөнө нь оргилуун дарсын хамт их тунгаар ууж хэрэглэж байсан гэнэ. Энэ нь түүнийг хар тамхи бүхий зүйлст донтох, хэрэглэхгүй бол сэтгэл зүйн таагүй байдалд орох, хэвийн бус үйлдэл гаргах зэрэгт шууд нөлөөтэй гэж тайлбарласан байдаг. Монрогийн дотны найзуудын нэг болох жүжигчин Тед Жордан нэгэн тайлбарыг хийсэн байдаг. –Тэр эмнүүдтэй дотны найз байсан. Түүнгүйгээр унтаж бас ажиллаж чаддаггүй байв хэмээжээ. Бүр 1958 онд сэтгэл зүйчдийн зүгээс түүнээс шизофрений анхны шинж тэмдэг илэрсэн хэмээн мэдэгдэж байсан юм.
Амиа хорлолт
Энэ бол баттай байж болох хоёр дахь хувилбар аж. Ер нь бол урлагийн оддын хийдэг хамгийн тэнэг үйлдлийг нэг. Зарим нь бүр нэг биш удаа оролдсон байдаг. Тэгвэл Монро бага залуу насандаа ч амьдралаас салах гэсэн бодлоо хэрэгжүүлэх гэж байсан нэгэн. Тэрээр сургуулийн охин байхдаа гэртээ гал тогооны өрөөнийхөө хийг залгаж, нойрны эм ихээр ууж байсан гэдэг. Мөн анхны хайрыг нь татаж байсан продюссер Жони Хайдыг нас барсны дараа ч амиа хорлохыг завдаж байжээ. Иймээс түүний үхлийг ийм хэлбэртэй байж болох юм гэдэг.
Мафи
Монрог мафийн захиалгаар хөнөөсөн гэх таамаг бий. Монро нас барахынхаа өмнөх өдөр экс-амраг болох домогт Фрэнк Синатратай уулзсан байдаг. Энэ уулзалтыг Америкийн тагнуулын газрынхан нууц камераар бичиж авсан аж. Тухайн үед тусгай ажилтнууд Монрогийн гэрийн гадна ажиглалт хийж эхлээд байжээ. Синатра нь Америкийн мафийн толгойлогч Сэм Жанканы баруун гар байсан чанга үе дээ. Иймээс Монрог мафитай холбоотой төдийгүй тэдний үйл ажиллагааг сайтар мэддэг байсан хэмээн үздэг юм.
Кеннедигийн захиалгаар хөнөөсөн
Энэ таамагт итгэх хүн цөөнгүй байдаг. 1964 онд зохиолч Фрэнк Капеллийн зүгээс Монрогийн үхэлд Роберт Кеннедиг буруутгасан мэдээлэл хийсэн билээ. Жеймс Хаспиел гэгчийн хувьд ч Мэрилинийг Роберт Кеннеди дэрээр дарж боомилж алсан гэдгийг бичлэгээс нь сонссон хэмээгээд байлаа. Тэр үеийн Америкийн ерөнхийлөгч Жон Фицжеральд Кеннеди болон Монро хоёр ямар холбоотой байсан бэ? Тэд бие биедээ яг таарсан амрагууд ч гэлцэж байв. Улс орныхоо номер нэг сайхан хүүхэн, нөгөө нь улсынхаа номер нэг эр... Гэхдээ тэдний нууц амрагийн явдал Кеннедигийн улс төрийн карьерийг мөхөөх муу нөлөөтэй байсан нь ойлгомжтой. Ингээд халуухан байсан тэдний харьцаа 1962.05 сараас Кеннедигийн санаачлагаар төгсгөл болсон ч Монро энэ таагүй явдалтай эвлэрч өгөхгүй байжээ. Тэрээр согтуу эсвэл мансуурсан үедээ Жонд уур хорсол бүхий захидал бичиж, утсаар ярьж дарамтлан, хэвлэлийнхэнд хүртэл мэдээлэл өгнө гэдэг болжээ. Ингэхдээ хэргийн хамгийн гол нотлох баримт нь бүсгүйн өдрийн тэмдэглэл байлаа. Түүндээ амрагийн болзоо, уулзалт, өнгөрүүлсэн бүх мөчүүдээ дэлгэрэнгүй бичсэн байдаг аж. Ингээд энэхүү дуулианыг дарах зорилгоор тухайн үеийн хуулийн сайд асан Роберт Кеннеди жүжигчин бүсгүйг тайвшруулах даалгавар авсан ч өөрөө Монрогийн өвөрт орчихжээ. Ингээд бас дахин сүрт дуулианууд ар араасаа дэглдэж эхэлсэн байдаг. Роберт түүнтэй гэрлэнэ гэж амласан гэдгийг Монро нотлодог байв. Хэдийгээр Роберт уг завхайрлын тоглоомноос гарахаар шийдсэн ч байдал нэгэнт оройтсон болохыг ухаарчээ. Иймээс ах дүү хоёр улс төрч өөрсдийнхөө карьерийн төлөө бүсгүйг золиослосон гэх таамаг гарсан билээ. Нэгэн гэрчийн ноцтой гэх мэдээлэл 1984 онд Америкийн тагнуулынханд ирсэн байдаг. Түүнд: -Р. Кеннеди 08.04-ний өдөр Лос-Анжелест Монротой уулзахаар ирсэн. Тэд асуудлаа ярилцах гэж байсан. Мэрилиний хувьд ах дүү Кеннеди нар өөрийг нь хэрхэн ашигласан, золиос болгож байгаа талаар бүх үнэнийг хэвлэлийнхэнд мэдээлэхээр шийдсэн байсан. Роберт ч түүнээс Жоныг тайван орхихыг сануулсан. Тэд маш хүчтэй суудалцсан юм. Монро хашгираад, уйлаад л... Харин дараагийн өдрийн өглөө нь бүсгүйг гэртээ нас барсныг олсон шүү дээ хэмээсэн байдаг.
Сэтгэл зүйчдийн алдаа
Монрогийн хувийн сэтгэл зүйч Ральф Гринсон түүний дотны хүмүүсийн нэг байжээ. Тэрээр Мэрилинийг эмчлэхийн тулд маш их хэмжээний эм бэлдмэл хэрэглэх нь зайлшгүй шаардлагатай гэж үздэг байв. Дэлхийд зартай оддын намтар түүх бичдэгээрээ алдартай зохиолч Дональд Спото «Мэрилин Монро» гэх номондоо: -Тэр эмчийн онош болон арга барил нь бүсгүйг шууд үхэлд хүргэсэн. Өвчтөнөө тайван байлгахын тулд өөр олон төрлийн арга байдгийг огт ашиглах дургүй байжээ. Зүгээр л Монрогийн хүссэн эмээр л эмчилгээг явуулж байсан. Хүссэнээ хийх нь бүсгүйн эрх хэмээн үздэг нь буруу байлаа хэмээн бичсэн байдаг. Мөн Монрог экс нөрхөр Жо Ди Мажиотой нь уулзуулахыг хориглож бүр хуулийнхнаар шийдвэр гаргуулаад байсан нь том алдаа гэжээ. Угтаа бол Монрогийн сэтгэл санааг хамгийн ихээр мэдэрдэг, бүх үйлдлийг нь урьдчилан таамаглаж ч чаддаг эр бол Жо байжээ. Гэвч...
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )