Бид энэ ертөнцөд ганцаараа ирж, ганцаараа буцдаг. Гэтэл энэхүү нийтлэг хэллэг Британийн иргэн Тони Никлинсоны хувьд өөр утгатай болсон байна. Тэрээр өөрийн үхлийг олны оролцоотой шийдвэрлэхээр болсон аж. Британийн телерадиокомпани ВВС мэдээлснээр шүүх түүнийг нөгөө ертөнцөд одохыг нь албан ёсоор хориглосон байна.
Альбионы оршин суугч 58 настай Тони Никлинсоныг сайн дураараа амиа егүүтгэхийг дээд шүүхээс хориглосон аж. Шүүхийн шийдвэрийг сонсоод тэрээр ихээр уйлжээ. Никлинсоны эхнэр сэтгүүлчдэд мэдэгдэхдээ түүний нөхөр энэхүү хүнлэг бус шийдвэрт цочирдсон гэжээ.
Британийн энэ эр 2005 онд харвалт өгснөөс бараг бүтэн саажилт болж, тэр цагаас хойш ойр дотныхонтойгоо зөвхөн нүдний хөдөлгөөнөөр харьцдаг болсон аж.
“Өнгөрсөн долоон жилд миний амьдрал төсөөлшгүй тамын байдалтай өнгөрлөө. Иймээс өөрийгөө болон ойр дотныхноо зовлонгоос салгахын тулд сайн дураараа амьдралаа дуусгахыг хүсэж байна. Миний энэхүү хүслийг зөвшөөрч өгөхийг Дээд шүүхээс аминчлан гуйж байна. Хэрэв шүүгчид намайг ямархуу хэцүү нөхцөлд амьдарч байгааг ойлгодог бол энэхүү үхэл надад маш чухал гэдгийг хүлээн зөвшөөрөх болно” хэмээн шүүхэд гаргасан өргөдөлдөө дурджээ.
“Харгис” шүүгчдийн хувьд бас болгоомжлох асуудал байсан бололтой. Хэрэв Тонигийн энэхүү хүслийг зөвшөөрчихвөл яг иймэрхүү байдалтай амьдарч байгаа мянга мянган хүмүүст “цаазын ялтай” төстэй баримтад гарын үсэг зурах хэрэг гарна хэмээн болгоомжилсон байна.
Тони Никлинсоны хувьд өөрөө өөрийнхөө амийг егүүтгэх чадваргүй ба хэн нэгэн этгээд шүүхийн шийдвэргүйгээр түүнд үхлийн тариа хийж өгсөн тохиолдолд алуурчин хэмээн шийтгэх болно гэжээ.
Хэрэв Тони Британид биш Голландад төрсөн бол энэ асуудал ямар ч хүндрэлгүй бүтэх байжээ. Тэнд энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг эмч нарын бригад ажилладаг юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )