Хятадын улс төрч Бо Силайгийн эхнэрт хоёр жилийн харгалзах хугацаатай цаазаар авах ял оноосон байна. Шүүхийн зүгээс Гу Кайлайг Британийн бизнесмен Нил Хейвудын амийг санаатайгаар бүрэлгэсэн хэрэгт буруутгасан ажээ. Энэхүү дээд хэмжээний ялыг уг гэмт этгээд хоёр жилийн хугацаанд дор хаяж нэг гэмт хэрэг нэмж үйлдсэн тохиолдолд гүйцэтгэх ба ийм зүйл болохгүй бол цаазаар авах ял нь бүх насаар нь хорих ялаар солигдох нөхцөлтэй юм байна.
Тэдний гэрийн үйлчлэгч байсан Чжан Сяоцзюнь гэмт хэргийн хамсаатан гэгдэн 9 жилийн хорих ялаар шийтгүүлсэн аж.
Хятадад цаазаар авах ялд хоёр жилийн харгалзах хугацаа тусгагдаагүй бол нэн даруй ялыг гүйцэлдүүлдэг журамтай юм байна.
Нил Хейвуд 2011 оны арваннэгдүгээр сарын 15-нд нас барсан байдалтай олдсон ба үхлийн шалтгаан нь архины хордлого гэсэн онош тавигджээ. Харин нилээн сүүлд түүний үхэл гадны нөлөөтэй гэгдэн бөөн шуугиан дэгдэн Гу Кайлай, Чжан Сяоцзюнь нарыг хамааралтайг тогтоосон байна. 2012 оны дөрөвдүгээр сараас Хятадын цагдаагийн газар энэхүү хэргийг мөрдөх тусгай ажлын хэсэг байгуулж, дэлхийн гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг Хятадын нөлөө бүхий улс төрч Бо Силайгийн гэр бүлтэй Британи эр хэрхэн холбоотой байсанд хандуулж эхэлсэн байна.
Бо Силай 2000 онд өөрийн хүү Гуа-Гуад англи хэлний багш хайж явахдаа Нил Хейвудтэй танилцсан ажээ. Тухайн үед Бо Силай Далянь хотын захирагч байсан ба Хейвуд английн Уоррик их сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр төгсөөд Хятадад ирээд удаагүй байсан аж. Британи залуу хятадаар сайн ярьдаг байсан ба тодорхой хүрээнд алдартай лондонгийн Hakluyt & Co хэмээх зөвлөгөө өгдөг багавтар компанид ажиллаж байжээ. Hakluyt & Co компани нь Хятадад хүрээгээ тэлэхийг хүссэн Барууны бизнес болон Баруунтай холбоо тогтоохыг хүссэн Хятадын иргэдийг зөвлөгөө мэдээллээр хангаж үйлчилдэг байсан аж.
Мөрдөн байцаалтаас үзэхэд Гу Кайлай болон түүний хүү Бо Гуагуа нар Нил Хейвудтэй сайн харьцаатай байсан ба харин нэг удаа эдийн засгийн сонирхолтой холбоотой зөрчил үүсчээ. Энэ нь даамжирсаар Харвардад суралцаж байсан Бо Гуагуагийн аюулгүй байдалд заналхийлсэн бизнесмен эрийг Бо Силайгийн эхнэр зайлуулахад хүрсэн байна. Тэрээр арваннэгдүгээр сарын 13-нд Британи эрийг Чунцинд урьж согтуу байдлыг нь далимдуулан урьдчилан бэлдсэн хороо хэрэглэн амь насыг нь егүүтгэсэн ажээ.
Энэхүү дуулиант явдлаас өмнө Бо Силайг Хятадын коммунист намын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн болно хэмээн Барууны шинжээчид таамаглаж байсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )