“Ганнам стиль” дууны клип Солонгосыг төдийгүй дэлхийг байлдан дагуулж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 21


Солонгосын дуучин, реппер Парк Жае Саны "Ганнам стиль" дууны клипийг долдугаар сарын 15-нд youtube сайтад байрлуулснаас хойш 43 сая хүн үзээд байна. Алдарт дуучин Лэди Гагагийн бүжгийн хэмнэл, элемент, хэв маягийг илүү хошин хэлбэрээр дүрсэлснээрээ энэ клип дэлхийн хөгжмийн урлагт цоо шинэ өнгө төрх нэмж байгаа юм.  Одоо Солонгост хаана л шоу цэнгээн, хөгжмийн наадам болно, тэнд “Ганнам стиль” дуу цангинаж байна.  Солонгосын залуус энэ дууны клипэн дээр гардаг моринд мордох, бугуйл эргүүлэх, морьтой шогшуулж, хатируулж байгаатэй төстэй хөдөлгөөнийг ихээр таа­шааж байгаа төдийгүй бүжгийн ийм хэмнэл хэдийнэ мооданд оржээ. Америкийн хөгжим судлаа­чид “Солонгосын эгэл жирийн нэг реппер залуу Лэди Гагагийн хөдөл­гөө­нийг, солонгос поптой хос­луу­лаад шинэ өнгө, санаа гаргаж ирлээ. Сөүлийн ер бусын дуучин залуу олны анхаарлыг соронз мэт татаж байна. Түүний дууны клип­ний хөдөлгөөнд шинэ нэр өг гэвэл “Мордох стиль” гэж нэрлэе” гэсэн бол гадны зарим мэдээллийн хэ­рэгс­лээр Парк Жае Саныг “Хоёр дахь Макарена” гэж байна. “Ганнам стиль” дуу сүүлийн дөрвөн долоо хоногт БНСУ-ын хөгжмийн бүх чатуудыг тэргүүлээд зогсохгүй, Ази тив, АНУ, Канад, Финланд, Шинэ Зеланд, Данид түгээд байгаа юм. Барууны хөгж­мийн ажиглагчид “Ганнам стиль” дууг энэ эрчээрээ youtube болон бусад хөгжмийн сайт, чатуудад дээгүүр байр эзлээд байвал “2012 оны дууны шилдэг клип”-ээр шал­гарч магадгүй гэжээ.

Дуучин Парк Жае Саныг  солонгосчууд Psy гэх тайзны нэрээр нь илүүтэй мэддэг юм байна. Тэрээр “Ганнам стиль” дуугаараа Ганнам дүүрэг, бая­чуудыг битүүхэндээ шүүмжилж, өөрсдийгөө нийгмээс дөвийлгөж, өөр харагдуулахыг хичээх хэрэггүй гэдгийг Лэди Гагагийн зарим дууны клипт гардаг бүжгийн өвөрмөц хөдөлгөөнүүд, дүрслэлүүдийг ашиг­лаж харуулжээ.  

БНСУ-ын Ганнам дүүрэгт голдуу баячууд амьдардаг бөгөөд цэвэр цэмцгэр, тансаг гэдгээрээ энэ дүүрэг бусдаас ялгардаг аж.  Харин реппер Парк Жае Саны  амьдралыг  “Ганнам стиль” дуу бүрмөсөн өөрчилчихөөд байгаа бөгөөд  өөрийнх нь дуулсан дуу дэлхийд түгэж, клипийг нь сарын дотор 43 сая гаруй хүн үзчихээд байгаад дуучин өөрөө  маш их гайхаж итгэж чадахгүй байгаа гэнэ. Тэрээр өнгөрсөн нэг сарын хугацаанд хөгжмийн фестиваль, олон улсын наадам, шоу тоглолт, шууд нэвтрүүлэг гээд томоохон арга хэмжээний тайзан дээр зөвхөн энэ дуугаа дуулах гэж олонтаа уригдаж, Япон, АНУ руу нэг бус удаа “айлчлаад” байна. Psy-г хаана ч явсан мэдээллийн хэ­рэгслүүд дагаж, түүнтэй хол­боотой шинэ мэдээллийг хүмүүс ихээр сонирхсоор байгаа юм.  Youtube –ийн хэрэглэгчдийг байлдан дагуулж буй “Ганнам стиль” дууг сонсохыг хүсвэл ЭНД ДАРНА УУ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top