Их Британийн энэ оны хамгийн сүр дуулиант үйл явдал бол яахын аргагүй ханхүү УИЛЬЯМ болон Кейт МИДДЛТОН нарын хурим билээ. Дэлхий даяараа “үнсгэлжингийн шинэ үлгэр” эхэллээ хэмээн шуугиж байгаа юм. Хурим болох гэж байгаатай холбогдуулан хосуудыг тойрсон элдэв яриа, таамаг, хардалт гарсаар л… Тэдгээрээс хамгийн сонирхолтой мэдээлэл нь ханхүү Уильямын сүйт бүсгүйг домогт Диана гүнжтэй харьцуулсан үнэлэмж, таамаглалууд байгаа юм. Ингээд харьцуулалтыг сонирхъё:
ДИАНА, Уэльсийн гүнж.
Удам угсаа: Хатагтай Диана Фрэнсис Спенсер нь 1961.07.01-ны өдөр Норфолк вант улсын Сэндригемед төрсөн. Гүн Эдвард Спенсерийн гурав дахь охин. Түүний өвөг эцэг нь Карл II болон Яков I хааны хууль бус хүүхэд. Эх нь гүнгийн ахайтан Фермагийн охин Фрэнсис Рут. Өвөө нь Фермагийн дөрөв дэх угсааны барон. Дианаг зургаатай байхад эцэг эх нь салсан. Бүхий л амьдралаа эцэг эхийн гар дамжин өнгөрүүлсэн.
Боловсрол: Анхан шатны боловсролыг гэрийн сургалтаар олсон. Үргэлжлүүлэн Силфилдэд хувийн дунд сургуульд, Ридлсуорт-Холл бэлтгэлд тус тус сурсан. 12-тойдоо Уэст-Хиллийн охидын сургуульд элсэн орсон. Хүүхэд байхаасаа л спорт болон бүжгээр тогтмол хичээллэдэг байв. 1977 оны өвөл Швейцарьт суралцахаар иржээ. Гэвч маш уйтгартай байсан тул сургалтаа дуусгалгүй нутагтаа эргэн ирсэн байна.
Дурлалын түүх: 1977 оны өвөл 16 настай Диана охин анх удаа ханхүү Чарльзтай “тааралджээ”. Ханхүү охинд маш эелдэг, хөгжилтэй бас халамжтай сэтгэгдэл төрүүлжээ. Ингээд тэдний дурлалын роман 1980 оноос эхэлсэн гэдэг. “Зууны хурим” 1981.07.29-ний өдөр болжээ. 1982-1984 онд хоёр хүү нь болох Уильям, Гарри нар төржээ. Гэвч 1992 оноос тэд тус тусдаа амьдрах болж, харин 1996 онд гэрлэлтээ цуцлуужээ. Диана Жеймс Хьюиттой харин Чарльз Сара Боулзтой болзох болжээ. 1997.08.31-нд хатагтай Ди Египетийн тэрбумтан Доди аль-Файедийн хамт автын ослоор хорвоог орхисон билээ.
Сонирхол: Хүмүүнлэг үйлс амьдралынх нь нэг салшгүй хэсэг байсан. Хүүхдийн асрах газар, эмнэлэгт зочлохдоо хүүхдүүдээ байнга дагуулж явдаг байв.
СТИЛЬ: Угийн рост өндөртэй болохоороо ямар ч төрлийн хувцас түүнд гайхалтай зохидог байжээ. Дээдсийн загварыг тодорхойлогчийн нэг байсан. Дуртай үнэртэн нь Versace, Chanel, Ungaro, Christian Lacroix. Дуртай өнгө улаан.
Кетрин Элизабет МИДДЛТОН
Удам угсаа: 1982.01.09-нд Беркширийн Редингэд төрсөн. Эцэг Майкл Фрэнсис Миддлтон нь дундаж сэхээтнээс гаралтай. Нисгэгч байсан тэрээр саятан болсныхоо дараа шуудан харилцаа болон худалдааны «Party Pieces» хэмээх компаниа байгуулсан. Эх нь Кэрол Элизабет Миддлтон. Уурхайчин гаралтай тэрээр онгоцны үйлчлэгч хийж байсан. Кейтийн ах нь Жеймс, эгч нь Филиппа. 1984-85 онд Иорданд гэр бүлийн хамт амьдарч байсан.
Боловсрол: Уилтширийн «Коллеж Мальборо» хэмээх баячуудын сургуулийг төгссөн. Сурлагадаа тийм ч сайн байсангүй. 2001 оноос Шотландын Файф хотын Сент-Эндрюсийн Их сургуулийн урлаг судлаачийн ангид элсэн орсон. 2005 онд бакалаврын зэрэгтэй төгссөн. Сургуулиа төгсөөд гурван ч удаа ажлаа сольжээ.
Дурлалын түүх: Их сургуульд байхдаа ханхүүтэй танилцсан. 2003 онд хэдэн найзынхаа хамтаар коттеж хөлслөн хамтдаа амьдрах болсон. Сургуулиа төгсөөд 2006 оны нэгдүгээр сард ханхүү эзэн хааны цэргийн сургуульд элсэхэд Кейт хувцасны дэлгүүрийн сүлжээ компанид ажилд оржээ. 2007 оны дөрвөн сард тэд “салсан ч” найман сард нь харьцаагаа сэргээсэн. 2010.11 сард сүй тавьж, энэ сарын 29-нд хуримаа хийнэ.
Сонирхол: Лондонгоор явган аялах дуртай. Газрын тенниснээс татгалзаж байгаагүй. Цаг агаар муу байсан ч усанд сайн сэлнэ. Уран зураг зурах гэж “оролддог”
СТИЛЬ: Дианагийн шүтэн бишрэгч. Ер нь дэгжин ихэмсэг хэлбэрээр хувцаслах дуртай
ХХ зууны хурим: Чарльз, Диана хоёрын хуримыг дэлхий даяар 750 сая хүн шууд хүлээн авч үзсэн. Лондонгийн гудамжинд 600.000 орчим хүн баяр хүргэхээр ирсэн байв. Сүйт бүсгүй Эммануэлийн даашинзаар гоёсон. 40 метр урт хормойтой, 10.000 сувд, нэг кг алтаар чимэглэжээ. Анхны шөнөө Хэмпширийн Брондландст өнгөрүүлсэн.
XXI зууны хурим: Энэ сарын 29-нд болох Уильям, Кейт Миддлтон нарын хуриманд 1900 зочин уригдсан. Тэдгээрийн дотор Иорданы хаан, Бруней, Оманы султан, Францын Ерөнхийлөгч Николя Саркози эхнэр Карла Брунигийн хамт, хөлбөмбөгчин Бэкхэмийн гэр бүл, реппэр Каниа Уэст, ойр дотны хамаатан ах дүүс болон урлаг спорт, улс төрчдийн төлөөлөл багтсан байна. Хуримын ёслолын үеэр «ABBA», «Spandau Ballet», «Duran Duran» болон «Culture Club» зэрэг алдартнуудын ая дуу эгшиглэх гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Бахрейний хаан ирэх боломжгүй болжээ.
Р.Слава. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )