Оросын нефтийн компаниуд шатахууныхаа үнийг нэмж эхэллээ. “Лукойл” компанийн шатахуун түгээх станцуудад түлшний үнэ нэмэгдэж, бусад компани ч энэ жишгийг дагажээ. Уржигдрын байдлаар, Аи-92 маркийн бензиний үнэ литр тутамд 25 копейкаар нэмэгдэж 27.97 рубль болсон бол, Аи-95 нь 50 копейкаар дээшилж 30.47 рубль, дизелийн түлш 30.47 рубльд хүрсэн байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш шатахууны үнийг анх удаа нэмж байгаа нь энэ. “Коммерсантъ” сонинд шатахууны үнэ зөвхөн Москвад нэмэгдсэн хэмээн мэдээлж байгаа ч Нижегородск, Смоленск, Тамбов, Курск хотод бензиний үнэ өссөнийг “Reuters” онцлов. Тус улсын Монопольчлолын эсрэг албаны захирлын орлогч Анатолий Голомолзин “Шатахууны үнийг үндэслэлгүйгээр нэмэх явдал гаргахгүй. Гэхдээ энэ удаагийн үнийн өсөлтөд эдийн засгийн шалтгаан бий” гэжээ. Москвагийн түлшний холбооны үзэж буйгаар, шатахууны бөөний үнэ хэдийнэ өсөж эхэлсэн, харин жижиглэнгийн үнийг “хазаарлаж” байсан тул ийм явдал гарцаагүй болох байсан гэнэ. Өнгөрсөн оны сүүлчээр эрх баригчид нефтийн компаниудтай 2012 оны гуравдугаар сар хүртэл бензиний үнийг “хазаарлах”-аар тохиролцсоныг мэдээлж байсан юм. Ингэхдээ Засгийн газар нефтийн компаниудад гаалийн татварын хөнгөлөлт үзүүлнэ гэж байсан ч амласандаа хүрээгүй. Хоёр талын байгуулсан “аман тохиролцоо” дөрөвдүгээр сард дууссан тул шатахууны үнэ өснө хэмээн ажиглагчдын таамагласан нь ийнхүү биеллээ олж байна.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )