Америкийн цэргийн дөрвөн албан хаагч АНУ-ын Ерөнхийлөгчийн амь насыг бүрэлгэн, төрийн эргэлт хийхээр бэлдэж байсныг илрүүлсэн байна.
Жоржия мужийн Форт-Стюарт дахь цэргийн баазад байрлаж байгаа гуравдугаар мото-явган дивизийн албан хаагчдын байлдааны зэвсэг хэрэгслийн нууц агуулахыг илрүүллээ хэмээн Жоржия мужийн прокурорын төлөөлөгч Исабель Поли өнөөдөр мэдэгдэл хийсэн байна.
Түүний өгүүлснээр, сэжигтэн этгээдүүд нь Форт-Стюартад үйл ажиллагаа явуулдаг “Хэзээ ч үхэшгүй, хэзээд бэлхэн” хэмээх Засгийн газрыг эсэргүүцэгч бүлэглэлд харьяалагддаг байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон ажээ.
Түүний толгойлогч, байлдагч Айзек Агиги цэргээс халагдаж буй 19 настай Майкл Роркийг гэртээ хариад нууцыг нь задруулахаас сэргийлэн түүнийг устгахыг хамтрагчдадаа тушааснаар өнгөрөгч оны арванхоёрдугаар сард найз бүсгүйнх нь хамт цэргийн баазын ойролцоох ойд амь насыг нь бүрэлгэсэн байна.
Прокуророос мэдээлж буйгаар, эдгээр этгээдүүд Форт-Стюарт дахь зэвсгийн агуулахуудыг эзлэн авч, Вашингтон муж дахь дотоодыг аюулаас хамгаалахын байшинг дэлбэлж, Ерөнхийлөгч Барак Обамагийн амь насыг бүрэлгэн, төрийн эргэлт хийх төлөвлөгөөтэй байсан гэжээ.
Гэмт этгээдүүд одоогийн төрийн тэргүүнд хандаж буй таагүй байдлаа огтхон ч нуухыг хүсээгүй ба “харь цусны хар Ерөнхийлөгчид Цагаан ордонд байх газар байхгүй” хэмээн үздэгээ илэрхийлсэн байна.
Одоогоор энэхүү нууц бүлэглэлд хичнээн хүн байгаа нь хараахан тогтоогдоогүй байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )