Обамагийн гадаад бодлогыг шүүмжлэв

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 30

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй Митт Ромни одоогийн Ерөнхийлөгч Барак Обамагийн гадаад улс төрийн бодлогыг хурцаар шүүмжилсэн байна.

“Сүүлийн дөрвөн жил Ерөнхийлөгч Обама манай улсын тэргүүлэх байр суурийг сулруулж байна” хэмээн Индиана мужийн Индианаполис-д болсон “Америкийн легион” консерватив байгууллагын их хурал дээр Лхагва гаригт мэдэгджээ.

Орон нутгийн ажиглагчдын үзэж буйгаар энэхүү байгууллагын ахмад дайчдын өмнө Ромни үг хэлсэн нь Флорида мужийн Тампа хотод Бүгд найрамдах намын их хурал дээр тавих илтгэлийнх нь удиртгал болсон аж.

Өнөөдөр хүчирхэг гүрнүүд “цэрэг байлдааны боломжуудаа маш хурдан өргөжүүлж” байгаа нь биднээс ялгарч харагдаж байна хэмээн Ромни онцолжээ. Нэр дэвшигч цааш нь “Осама бен Ладен болон Аль-Каидын бусад толгойлогчдыг устгасан хэдий ч Тегераны нөхцөл байдал, радикал исламын терроризмийн заналхийлэл оршсоор байна. Мөн түүнчлэн Пакистан дахь тогтворгүй байдал, Сирийн аймшигт хүчирхийлэл, БНАСАУ-ын цөмийн технологийн тархалт зэрэг нь хүй олноор хөнөөх зэвсгийн аюул бодит байдалд нүүрлэж байгааг илтгэж байна” хэмээн өгүүлсэн байна.

“Америкийн гадаад бодлогын тулгуур зарчим нь хүчирхийлэл, эзлэн түрэмгийлэлтийг газар аван өргөжихөөс нь өмнө хамтын хүчээр барьж тогтоохын тулд өөрийн холбоотнуудтайгаа нягт хамтран ажиллах явдал мөн. Бид ерөнхий үнэт зүйлсээ дэмжихэд санаа тавьж хэвшжээ. Харин Польш, Чех, Израиль гэх мэт холбоотон нөхдүүд болон Иран, Куба мэтийн сөрөг талын тухай яриа үүсэхэд Ерөнхийлөгч Обама эргэж буцсан байдалтай ханддаг” хэмээн тодорхойлсон аж.

Ромни Цагаан ордонд орсон тохиолдолд АНУ-ын хуучин холбоотнууддаа тулгуурлан үр өгөөжтэй гадаад бодлогыг хэрэгжүүлэх болно хэмээн өөрийн дэмжигчдийг итгүүлэхийг хичээсэн байна. Массачусетс-ын губернатор асан цааш нь өгүүлэхдээ “хэрэв ерөнхийлөгчийн сонгуульд ялбал цэргийн зардлыг олон тэрбумаар хорогдуулсан шийдвэрийг хүчингүй болгоно” хэмээн мэдэгджээ.

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top