Дагестаны нийгмийн нэрт зүтгэлтэн шейх Саида Афандийн амь насыг бүрэлгэсэн террорист-амиа золиослогч бүсгүй Аминат Сапрыкина Махачкала хотын Оросын драмын театрын жүжигчин, брейк-данс бүжгийн хамтлагийн гоцлол бүжигчин байжээ.
Тэрээр тэмцэгчдийн нөлөөллийн хүрээнд орсноор Дагестаны Улсын их сургуулийн жүжигчний факультетийг төгссөн жүжигчин бүсгүй Аминат Курбанова (Алла Сапрыкина) удалгүй аюултай байж болох хүмүүсийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байсан хэмээн хууль сахиулах байгууллагын зүгээс мэдээлсэн байна.
Тэнд өгүүлснээр 30 настай Курбанова даруй дөрвөн тэмцэгчтэй гэрлэж амжсан ба тэдний гурав нь амь үрэгдэн, нэг нь тэнсэн харгалзах ялтай энгийн амьдралд шилжсэн аж.
Мөн өнгөрсөн онд ээлжит тэмцэгч-нөхөр нь алагдсаны дараа бүсгүй өөрийгөө дэлбэлэх “амьд бөмбөг” болохоор бэлтгэгдэж байжээ.
Түүний хоёр ч оролдлогыг хүчний байгууллагын зүгээс таслан зогсоож байсан байна. Өнгөрсөн онд гэхэд Москва орох зорчигчдын автобусанд дэлбэлж магадгүй хэмээн мөрдтөл, араасаа дагаж явааг мэдсэн бүсгүй Саратов хотод буун бүсэлсэн хэрэгслээ хогийн саванд хаян буцаж Дагестандаа ирсэн аж.
Курбановагийн саяын үйлдлийг тэмцэгчид хянаж байсан хэмээн түүнийг хүргэж өгсөн таксины жолооч баталсан байна. Тэрээр шейхийн гэрт түүнийг хүргэж өгөхөөр явж байхад араас нь нэг машин байнга дагаастай байсан хэмээн өгүүлжээ.
Одоогоор цагдаагийнхан тухайн машиныг олж илрүүлэх ажиллагааг зохион байгуулж байгаа ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )