Дэлхийн “№1 алан хядагч”-ийг устгахад оролцсон тэнгисийн явган цэргийн бичсэн ном хэвлэгдэх гэж байгааг зарласнаас хойш АНУ-д томоохон шуугиан үүсээд байна. “Эгэл биш өдөр. Осама бен Ладеныг устгах тусгай ажиллагааны тухай нүдээр харсан хүний тайлан” хэмээх нэртэй, шуугиан тариад буй энэ ном Нью-Йорк, Вашингтонд “”Аль,-Канда” алан хядлага үйлдсэн эмгэнэлт дурсамжит өдөр буюу есдүгээр сарын нэгэнд нийтэд худалдаалагдах гэнэ. Гэхдээ энэ ном хэвлэгдэн гарахаас л өмнө зохиогч нь “үхэл нь ирсэн хулгана муурын сахлаар наадна” гэгч байдалд орчихоод байгаа нь тодорхой болов. Зохиогчийн нэрийг нууцалсан ч, хэдийнэ олж мэдсэний дээр одоо түүнийг төр засгаас нь нууц мэдээлэл дэлгэсэн хэмээн эрүүгийн хариуцлагад татахаар бэлдэж байгаа бол алан хядагчид түүнээс өшөө авахаар занаж суугаа сурагтай. Мөн энэ шуугианы хажуугаар дахин нэг мэдээ чих дэлссэн нь энэ номоор Стивен Спилберг өөрөө кино хийх гэж байгаа тухай байв. Гэхдээ энэ мэдээлэл нэг их удалгүй няцаагдсан л даа.
Энэ ном хамгийн их эрэлттэйгээр хүлээгдэж буй номнууд дундаас эхний байранд орсон байх юм. Номын тухай товч танилцуулга дээр зохиогч Марк Оуэн нь Бен Ладеныг олж, устгасан байшингийн гурван давхарт хамгийн түрүүлж орсон хүмүүсийн нэг, алан хядагчийн амьдралын сүүлийн мөчүүдийг нүдээрээ харсан, үйл явдлын гэрч хэмээн бичжээ. Түүнчлэн тусгай ажиллагааны тухай болон “далайн хавнууд”-ын бэлтгэл, өмнө нь хэвлэлд гарч байгаагүй нарийн ширийнийг дэлгэнэ хэмээн уншигчдад амласан байх аж. Энэ номын хамтран зохиогчоор алдарт сэтгүүлч, Америкийн цэргийнхний тусгай ажиллагааны талаар хэд хэдэн ном гаргасан Кевин Морер ажилласан гэнэ. Уншигчдын гар дээр очихоосоо өмнө л шуугиан тариад байгаа энэ ном 16.2 доллараар зарагдахаар төлөвлөгдсөн бөгөөд хэвлэх үйлдвэрийнхэн номыг маш амжилттай худалдаалагдана гэж тооцоолсон тул хэдийнэ 300 мянган хувийг хэвлэчихсэн гэнэ.
Тусгай албаны ажилтан байсан хүний бичсэн ийм ном гарах гэж байгаа талаар анхлан өнгөрсөн долоо хоногт Penguin компанийн охин компани болох Dutton хэвлэх үйлдвэрийн төлөөлөгчид мэдээлсэн юм. Тэдний өгүүлснээр энэ ном тусгай ажиллагааны тухай “бүх үнэнийг хэлэх” аж. Энэ мэдэгдэл Пентагоны ажилтнуудын сонирхлыг ихэд татав, цэргийн ямар ч албан хаагч байлаа гэсэн нууц мэдээлэл олж аван, нийтлэх гэж байгаа бол энэ тухайгаа дээд удирдлагад мэдэгдэн, бүтээлээ шалгуулах ёстой байдаг гэж онцолсон юм. Түүнчлэн номын зохиогчийг хэн гэдгийг нь тогтоогоогүй байгаа ч энэ нь нууц мэдээлэл задруулсан хэргээр эрүүгийн хариуцлагад татахад огтхон ч саад учруулахгүй гэж Пентагоны төлөөлөгч мэдэгдсэн юм.
Гэвч энэ номыг хэн бичсэн юм бол гэж толгойгоо удаан гашилгах шаардлага гарсангүй. Наймдугаар сарын 23-н Fox News суваг “олон тооны эх сурвалж”-ийнхаа ачаар олж авсан зохиогчийн нэрийг нийтэд зарлаж орхив. Ингээд л үүнээс хойш өдгөө 36 настай, Аляскийн уугуул Мэтт Биссоннетт гэгч дэлхийн хэвлэл мэдээллийнхний амьд бай болон хувирав. Орон нутгийн хэвлэлийнхэн түүний бага нас, цэргийн гавьяаг ярин, Аниак суурингийн бахархал хэмээн бичиж байх зуур “Аль-Каида” түүний зургийг цахим хуудас дээрээ тавьчихаж, аюултай биш гэж үү. Түүний зураг энэ цахим хуудас дээр “заларсан”-ыг Reuters агентлаг анхлан мэдээлсэн юм. Тодруулбал “Аль -Каида” өөрийнхөө гээд албан ёсоор хүлээн зөвшөөрдөг хоёр цахим хуудсын нэгэн дээр “Осама бен Ладеныг алсан нохой” гэсэн бичигтэйгээр өнгөрсөн баасан гаригийн өглөө зургийг нь нийтэлсэн байж. Хашир анжгай гэдэг шиг хэвлэл мэдээллийн салбартаа нэр хүндтэй Reuters агентлаг юуг нууцлах, юуг дэлгэхээ сайтар мэддэг тул зохиогчийн нэрийг хэлсэнгүй, гэвч хэдийнэ хожимдов, Fox News-ийн хүчин чармайлтаар дэлхий даяар тусгай албаны ажилтны нэрийг мэдэж авлаа.
Ингэснээр зөвхөн номын зохиогч төдийгүй түүний хамаатан садан, хамт ажилладаг байсан хүмүүсийг интернэтээр эрэн сурвалжилчихвал алан хядагчдын бай болох нь дамжиггүй.
Ямартай ч зохиогчийн нэр тодорхой болсны дараагаас Америйн хэвлэл мэдээллийнхэн хуучин “далайн хав”-ны араас ангуучлах болов. Эх сурвалжуудын мэдээлснээр Биссонетт цэргийн албанаас халагдсаныхаа дараа өөрийн гэсэн бизнестэй болсон бөгөөд Афганистанд болж буй үйл явдлыг харуулдаг “The Medal of Honor” хэмээх компьютерийн тоглоом бүтээхэд зөвлөхөөр ажиллаж байж. Тэрбээр тоглоомон дээр гарч буй “дайчид”-ын зэвсэг тоноглол бодит байдалтай нийцэж байгаа эсэхийг хянах ажилчдын нэг байж.
Харийн цэргийн алба хааж байсан үеийнх нь тухайд гэвэл Биссоннетт 2009 онд Сомалийн далайн дээрэмчдэд барьцаалагдсан “Маерск Алабама” хөлөг онгоцны ахмад Ричард Филлипсийг суллах ажиллагаанд оролцож байжээ. Харин Бен Ладеныг устгасан “Жеронимо” ажиллагаанд дээрх ахмадыг суллахад оролцсон гурван “далайн хав” оролцсон тухай өнгөрсөн оны наймдугаар сард The New Yorker сэтгүүл мэдээлж байжээ.
Одоо харин номын зохиогч болон агуулгыг нь Америкийн төр засаг ихэд анхаарах болов. Өнгөрсөн даваа гаригт Пентагон мэдэгдэл хийж, номын гар бичмэлийг олсон, мэдээлэл задарсан талаар шалгалт хийж байгааг нийтэд зарлав. Биссоннетт өнгөрсөн жил зэвсэгт хүчнээс халагдсан тул түүнийг цэргийн шүүхээр биш харин хууль зүйн яам эрүүгийн хариуцлагад татах асуудлыг хариуцах аж, дашрамд дуулгахад энэ яам ч номыг сайтар шалгаж байгаа юм гэсэн. Гэхдээ цэргийн байгууллагын дүрэм ёсоор бол тухайн цэргийн албан хаагч халагдсан ч байлаа гэсэн аливаа мэдээ материал нийтэд хэвлэн түгээх гэж байгаа бол Батлан хамгаалах яаманд танилцуулан, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц байна уу үгүй юу гэдгийг шалгуулах ёстой байдаг юм байна лээ. Мөн Пакистанд болсон үйл ажиллагаанд шууд хамааралтай тул Тагнуулын төв газар ч энэ хэргээс хоцрохгүй. Харин хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр номын зохиогч номоо гаргахаасаа өмнө нууц ажиллагааны талаарх мэдээлэл нь ямар нэг хариуцлагад татагдахуйц байгаа эсэх дээр хуульчаас зөвлөгөө авсан гэнэ. Тэр хуульч нь ямар ч асуудалгүй гэсэн юм байх, харин шинжээчид тэгж үзэхгүй л байна. Эх сурвалжийн мэдээлснээр Биссоннетт цэргийн хэрэг эрхлэх газар руу тогтоосон хугацаанд номын эхээ илгээж, шалгуулаагүй нь иргэний зарга үүсгэхэд хангалттай үндэслэл гэнэ.
Ер нь Америкт сүулийн үед Осама бен Ладеныг устгасан “түүхэн гавьяа”-г харуулсан уран бүтээл гарах тухай чимээ сонсогдмогц л дэлхий даяар бөөн шуугиан болж орхидог. Sony компани Осамаг устгасан талаар кино бүтээж, 10 дугаар сард нээлтээ хийх байсан ч энэ их дуулиан шуугиан, хэл амнаас болоод 12 дугаар сар хүртэл хойшлуулах болсон. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гаргавал сонгогчдын бодол өөрчлөгдөх “нигууртай” гэж үзсэн юм байлгүй. Ямартай ч Бен Ладены үхлийн тухай өгүүлэх одоогоор хараахан гараагүй байгаа номны түүх хэрхэн төгсөхийг хэн ч таашгүй. Таашгүй ойлгошгүй зүйл их л байгаад байна даа, энд. Тусгай албанд ажиллаж байсан 36 настай офицер энэ түүхийг хүүрнэснээрээ маш хүчирхэг хүмүүст тун ч таалагдахгүй гэдгийг ойлгоогүй гэж үү? Зохиогчийн нэрийг нийтэд дэлгэснээр түүнийг үхлийн аюулын ирмэгт аваачиж байгаа гэдгээ Fох сувгийн сэтгүүлчид ухамсарлаагүй гэж үү? Энэ бүх асуултанд хариу өгч чадах хүн ховор ч хамгийн гол, хүмүүсийн сонирхлыг татаж “аазгайг нь хөдөлгөж” байгаа оньсогоны тайлал номонд байгаа гэдэгт олон хүн итгэнэ, дэлхийн №1 алан хядагчийг яагаад амьдаар нь барьж чадаагүй вэ?
Орчуулагч-редактор: Б.Мөнхцэцэг
Эх сурвалж:Улаанбаатар Таймс
Сэтгэгдэл ( 0 )