Өнөөдөр Их Британид “ардын гүнж” Дианаг дурсаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 31

Диана гүнж одоогоос 15 жилийн өмнө буюу 1997 оны наймдугаар сарын 31-ний шөнө 36 настайдаа Парис хотод авто ослоор нас барсан билээ.

Уэльсийн гүнж өөрийн эелдэг дөлгөөн байдал, хүмүүнлэгийн сайхан үйлсээрээ сая сая британичууд болон олон орны хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээдэг байсан юм. Тэрээр ядуу буурай орнуудын хүүхдүүд, Их Британийн орон гэргүй хүмүүс, ДОХ-оор өвчлөгсдөд туслах сангуудын үйл ажиллагааг дэмжин, 1994 онд Рижент паркийн намагт живж байсан тэнэмэл эрийг аварч байсан билээ.

Диана гүнж гадаадын улс орнуудаар айлчлахдаа буяны байгууллагуудаар нь заавал зочилдог уламжлалтай байсан аж. 1995 онд Москвад айлчлах үедээ Тушинскийн хүүхдийн эмнэлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай 751-р сургуулиар зочилж байжээ.

Гүнжийг дурсаж буй энэ өдөр түүнийг хайрлаж хүндэлдэг олон хүмүүс Лондонгийн Бэйзуотер районд байрладаг “Диана” хэмээх алдартай кафед цугларах ажээ.

Энэхүү кафены шинэ эзэн 1988 онд Уильям, Гарри хөвгүүдээ сургуульд хүргэж явсан Диана гүнжийг цонхоор хараад кафегаа түүний нэрээр нэрлэсэн аж. Хожим нь рестораны нэрийг анзаарсан гүнж хамгаалагчаа дагуулан тус газраар анх зочлон, сүүлдээ хөвгүүдээ дагуулан үе үе очиж зоог барьдаг болсон байна.

Хэдийгээр олон жил өнгөрч буй боловч “хатагтай Ди” дэлхийн олон сая хүмүүсийн зүрх сэтгэлд үл мартагдан бахархал нь болсоор байгаа бөгөөд британийн хаант гүрний нэгэн үеийн бэлэг тэмдэг болон мөнхөд оршсоор байна.  

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top