Армений Ерөнхийлөгч Серж Саргсян өнөөдрөөс эхлэн Унгар улстай дипломат харилцаагаа таслан зогсоолоо хэмээн мэдэгджээ.
“Өнөөдрөөс эхлэн бид Унгар улстай дипломат харилцаа болон бүх албаны хэлхээ холбоогоо таслан зогсоож буйгаа албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн төрийн тэргүүн Армен дахь НҮБ-ын гишүүн орнуудын элчин сайдуудтай уулзах үедээ илтгэсэн байна.
Унгарт насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн байсан Азербайжаны цэргийн офицер Рамиль Сафаровыг эх оронд нь буцааснаас хойш хоёр орны харилцаа эрс муудсан аж. Эх орондоо буцаж ирсэн өдөр нь буюу өчигдөр Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев түүний ялыг өршөөн хэлтрүүлсэн тухай зарлигт гарын үсэг зуржээ.
Энэхүү офицер Сафаров нь НАТО-гийн программын хүрээнд Унгарын Будапешт хотод англи хэлний курст хамт суралцаж байсан Армений цэргийн дэслэгч Гурген Маргаряныг унтаж байхад нь сүхээр цавчин амь насыг нь хороосон аж.
2006 оны дөрөвдүгээр сард Унгарын шүүх Сафаровт бүх насаар нь хорих ял оноон, 30 жилийн хугацаанд өршөөлд хамрагдах боломжгүй хэмээн зааж өгсөн байжээ.
Алуурчныг өршөөсөн явдал нь Армен улсыг Унгартай дипломат харилцаагаа таслах гол шалтгаан болсон байна. “Би энэхүү шударга бус зүйлийг хүлээн авч чадахгүй, манай улс орон ч мөн адил. Армений ард түмэн үүнийг хэзээ ч уучлахгүй” хэмээн Ерөнхийлөгч Саргсян мэдэгдэлдээ дурджээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )