АНУ-ын Ардчилсан намын их хурал эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 04

Хойд Каролина мужийн томоохон хот Шарлотта-д АНУ-ын Ардчилсан намын үндэсний их хурал эхэллээ.

Төлөөлөгчид АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчид болон улс төрийн хөтөлбөрөө батлах аж.

Нэр дэвшигчид болох одоогийн ерөнхийлөгч Барак Обама, дэд ерөнхийлөгч Жозеф Байден нар аль эрт тодорсон ба одоогоор янз бүрийн зөрчилтэй саналууд гараагүй байгаа юм байна.

Намын хөтөлбөрийн хувьд урьдчилан бэлтгэгдсэн ба нэр дэвшигчид сонгуульд ялсан тохиолдолд заавал хэрэгжүүлэх шаардлагагүй аж. Энэ нь зөвхөн сонгуулийн өмнөх компанит ажилд зориулагдсан, улс төрийн ерөнхий нөхцөл байдлыг тусгаж өгсөн баримт бичигт тооцогддог.

Намын энэхүү их хурлын гол зорилт нь сонгуулийн өмнөх шийдвэрлэх цаг мөчид намын гишүүдийн эв нэгдлээ сурталчлан, сонгогчдод намын байр суурийг илүү тодорхой ойлгуулан таниулж, америкчуудын анхаарлыг татах явдал ажээ.

Их хурал эхний хоёр өдөр нь "Тайм-Уорнер Кейбл Арена" концерт-спортын цогцолборт явагдан төгсгөлийн өдөр нь 74 мянган суудал бүхий “Бэнк оф Америка” цэнгэлдэх хүрээлэнд хаалтын ажиллагаагаа хийн өндөрлөх юм байна.

Их хуралд энгийн төлөөлөгчдөөс гадна сайдууд, сенаторууд, конгрессийн гишүүд, губернаторууд гэх мэт “супер төлөөлөгчид” оролцох ба хамгийн “супер” нь хурлын хоёр дахь өдөр илтгэл тавих АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч асан Билл Клинтон аж.

Бас нэгэн сонирхолтой илтгэгч нь найман жилийн өмнө ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Жон Керри бөгөөд Барак Обамаг ахин сонгогдсон тохиолдолд Хиллари Клинтоны оронд төрийн нарийн бичгийн дарга болно гэсэн таамаг яриа явагдаж байна.

Уламжлал ёсоор хаалтын өдөр буюу Пүрэв гаригт Барак Обама илтгэл тавьж ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буйгаа зөвшөөрсөн мэдэгдлээ албан ёсоор зарлах аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top